Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ХНХ-ын сайдаар Х.Булгантуяаг сэлгэн томилж, Боомтын сайдаар Б.Тулгыг тавьж ӨНӨӨДӨР парламентад ТАНГАРАГ ӨРГҮҮЛНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 22 секунд
UBN.MN

МАН-ын Удирдах зөвлөлийн ирц бүрдэж дөнгөж сая эхэллээ. Хурлаар нийт 5 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь ХНХ-ын сайдын томилгооны хэсэг байгаа юм. Тэгвэл уг хурлаар зөвхөн ХНХ-ын сайдын томилгоо бус өөр нэг сайдын томилгоог давхар хэлэлцэнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сайд Х.Булгантуяаг сэлгэн томилохоор тохирсон гэнэ. Учир нь ХНХЯ-тай холбоотой үндсэн суурь асуудлууд өнгөрсөн хугацаанд сайдынх нь томилгоотой холбоотойгоор шийдэгдэхгүй хүлээгдэж байгаа. Үүнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, баялгийн сан болон үйлдвэрчний эвлэлтэй хамтарч цалин хөлсийг ирэх оноос нэмэгдүүлэх. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх болон зөрүүг арилгах гээд нэн яаралтай хүлээгдэж буй бодлогын олон асуудлууд хүлээгдэж байгаа. Тиймээс Сангийн дэд сайдаар ажиллаж байсан зэрэг туршлагыг нь харгалзан үзээд ийнхүү сэлгэн томилохоор шийдвэрлэжээ. Хоёроос дээш сонгогдож эмэгтэй гишүүдээс томилох төлөвлөгөөтэй байсан ч "Ажнай" Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын үеэр эсрэг ажилласан хэмээн томилгооноос хоцроосон гэх мэдээлэл байна. Харин эмэгтэй гишүүд уг томилгоог эсэргүүцсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл Х.Булгантуяа сайдын оронд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайдаар Б.Тулгыг томилохоор болсон гэдгийг эх сурвалж мөн мэдээллээ. Ийнхүү Н.Энхбаярт өгсөн амлалтаа МАН-ынхан гүйцээж, нэг гишүүн болон нэг сайдын албан тушаалыг хуучин МАХН-ынханд хуваарилж буй нь энэ юм. Гэхдээ яам, бүтэцгүй салбарыг Н.Энхбаярын талд өгч байгаа нь МАН-ын бодлого гэлтэй. Өгсөн амлалтаа биелүүлсэн үү гэвэл биелүүлсэн. Харин үр ашигтай албан тушаал байсан уу гэвэл бас бодох л зүйл юм.

Уг шийдвэрийг тун удахгүй хуралдах МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх бөгөөд улмаар бүлгийн хуралд танилцуулна. Хэрвээ Удирдах зөвлөл болон бүлгээс дэмжлэг авбал түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилно. Мөн үүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж, ӨНӨӨДӨР парламентад тангараг өргүүлнэ гэдгийг эх сурвалж онцоллоо.

Ингээд ХНХ-ын шинэ сайдаар томилогдох гэж буй Б.Тулга болон Х.Булгантуяа нарын товч намтрыг хүргэж байна.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1998 онд - “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд - БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд - АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
  • 2023 оноос Монгол Сошиалдемократ Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

БООМТЫН СЭРГЭЛТИЙН САЙД БУЯАГИЙН ТУЛГА

  • 1980 онд Дархан хотод төрсөн
  • -Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг
  • -Хэрэглээний математикч мэргэжилтэй
  • -Англи, орос хэлтэй

Ажил мэргэжил

  • 1997 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн дунд сургуулийг төгссөн
  • 2001 онд МУИС-ийн математик, компьютерийн сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн
  • 2009 онд АНУ-ын Колумбын их сургуулийн Америк хэл, соёлын институт болон бизнесийн удирдлагын курс
  • 2010-2011 онд Фордамын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетийг магистр

Ажлын туршлага

  • 2001-2002 онд Дархан дээд сургуульд багш
  • 2003-2005 онд Монгол Улсын УИХ-ын даргын шадар туслах
  • 2005-2009 онд ЕТГ, Ерөнхийлөгчийн шадар туслах
  • 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд
  • 2014 онд БСШУ-ны Дэд сайд
  • 2016 оноос Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч
  • 2017-2018 JCI PROGRESS салбар байгууллагын Ерөнхийлөгч
  • 2017 оноос Туул ижий сан ТББ-ын Гүйцэтгэх захирал
  • 2018 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2022 оноос МАН-ын нарийн бичгийн дарга

Г.Лхагвадорж

Ж.Таныг Ерөнхий сайдын Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөхөөр томилно
Ж.Таныг Ерөнхий сайдын Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөхөөр томилно
 
АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа
АН: Сонгуулийн луйврыг иргэд 77661206 дугаарт мэдээлэхийг уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.