Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 8 сая 735 мянган хүн өвчилж, 435 мянган хүн нас барсан байна. Одоогоор 3.3 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 166 мянган хүн шинээр өвчилсөн 4 мянга гаруй хүн нас барсан. Өчигдөр коронавирус гарснаас хойш хамгийн их хүн өвчилсөн өдөр болсон байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 79042 хүн шинээр халдвар авсан байна. Монгол Улстай хил залгаа Тувад 115 тохиолдол, Буриадад 54 тохиолдол, Читид 39 тохиолдол тус тус шинээр бүртгэгджээ.
Манай улсын хувьд өчигдөр 26 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 8 хүн шинээр ажиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1703 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй 79, жирэмсэн 42 иргэн байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 16 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг, зусланд гарах зөвлөмжийн талаар мэдээлэл авсан. Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд БНСУ, Швед, Казахтсан улс оронд буй монгол гурван иргэдээс дуудлага ирж эмнэлзүйн мэдээлэл авсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 62 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Үүнийг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тандалтын 7 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд мөн халдвар илрээгүй.
Өнөөдөр 7 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Үүнд 6 оюутан, нэг иргэн байна. 6 оюутны дөрөв нь ОХУ-ын цэргийн сургуулийн оюутнууд, хоёр нь энгийн сургуулийн оюутнууд байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 204, үүнээс эдгэрч гарсан 139 иргэн байна.
Эмчилгээнд 65 хүн байна. Биеийн байдлын хувьд 57 хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна. ХӨСҮТ-д 117 хүн эмчилгээ, ажиглалтанд байна.
Өнөөдөр гурван онгоц хүлээж авна. Эдгээр онгоцыг тосож авах бэлтгэл ажлыг бүрэн хийсэн байгаа.