Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлээс болж гурван настай охиноо алдсан гэх аав өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэрбээр миний охин нэгдүгээр сарын 7-нд босоо байдалтай аавдаа тэврүүлээд эмнэлэгт ирсэн. Гэтэл эмч нар хүүхэд чинь бараг хэвтээ, босох тэнхэлгүй ирсэн гэдэг зүйлийг яриад байгаа. Эмнэлгийнхэн шат бүртээ буруу оношлосноос болж, өнөөдөр охиныхоо нас барсан гэрчилгээтэй л үлдлээ.
Эмнэлэгт хэвтээд гуравдахь хоногоос анбиотек тарьж эхэлсэн. Тэр тариа нь үнэн зөв байсан эсэхэд одоо ч эргэлзэж байна. Тэр тариаг хийж дуусаагүй байхад л миний охин бөөлжөөд, хэвтрийн байдалд орсон. Улмаар бие нь муудсаар байгаад нэгдүгээр сарын 11-ний өдөр эрчимт эмчилгээний тасагт шилжсэн. Эрчимт эмчилгээний тасагт ороход тэр нь эрчимтийн тасаг гэхээргүй байсан. Эмнэлгийн чанар шаардлагагүй хангахгүй, ариун цэвэр муу байсан. Би гомдол гаргасан.
Хүүхэд хүндрээд байна гээд эмч нарт нь хэлээд байхад "Мэдэж байна" гээд хайхраагүй. Эмч нар нь тоохгүй, олдохгүй байхаар нь тасгийн эрхлэгчид нь хэлэхэд "Антибиотек солигдсон. Хараад байж байя" гээд бас л хайхрамжгүй хандсан.
Энэ хугацаанд охины маань бие муудсаар байгаад эмч нар нэгдүгээр сарын 14-нд бөөндөө хуралдаад явсан. Тэр шөнөө эхнэр бид хоёр сахиж хоносон. Гэтэл эмч нар нь "Танай хүүхэд муудаад байна. Энэ антибиотек нь нөлөөлөхгүй муудаад байвал дахиад өөр антибиотек руу орно. Гэхдээ тэр антибиотекийг хийхэд танай охин цус алдах магадлалтай байна" гэсэн. Тэгэхээр нь "Яагаад ийм муу болтол нь та нар тоогоогүй, хайхарсангүй вэ. Одоо энэ антибиотекийг чинь хийлгэх хэцүү, байх хэцүү байдалд байна" гэдгээ хэлсэн.
Тэгээд "Эмнэлгээ солъё, хувийн эмнэлэгт шилжмээр байна" гэдгээ хэлсэн. Гэтэл явуулахгүй. Бичиг хийж өгөөгүй. Энэ нь эмнэлгийн тогтолцоотой нь холбоотой. Олон хүүхэд эмчилж байж санхүүждэг юм билээ. Ийм тогтолцоогоор маш олон хүүхдийг явуулахгүй өөрсөд дээрээ байлгаж байна" хэмээлээ.