Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гялалзаж яваа “Гоонь Эрчүүд“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 0 секунд
Үеэл ах дүү гурав хамтран "Гоонь эрчүүдийн хуушуур" нэртэй цайны газар нээн ажиллуулж байгаа билээ. Тэдний хийсэн хуушуурыг идэхийн тулд Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс зорьж ирж байна.

-Гоонь эрчүүд гэдэг ганц бие аавууд, эрчүүдийг хэлдэг-

Та хэд цайны газраа хэзээ нээсэн бэ? 

-Долоо хоногийн өмнөөс эхэлсэн. Энэнээс өмнө машинтай дуудсан газар нь очиж хуушуураа хийж өгдөг байсан. Цайны газрынхаа зургийг өөрийнхөө нийгмийн сүлжээнд тавиад найзууд, танилууддаа ирж үйлчлүүлэхийг хүссэн. Мөн гоё хоолтой газруудын талаар бичдэг фэйсбүүк группт мэдээллээ оруултал хүмүүс маш их түгээсэн. Бидний өгсөн нэр хүмүүсийн анхаарлыг татаж байгаа санагдсан. 

Яагаад "Гоонь эрчүүд" гэж нэр өгөх болсон бэ?

-Санамсаргүй байдлаар бодож олсон. Амьдралын шаардлагаар мөнгө олох хэрэгтэй болоод өмнө бодож байсан зүйлээ эргэн санаж хоёр ахтайгаа нийлээд хуушуур хийе гэсэн санаа орж ирсэн. Ингээд л санамсаргүй байдлаар нэрээ бодож олсон доо. Уг нь гоонь эрчүүд гэдэг ганц бие эрчүүд, аавуудыг хэлдэг. Гэхдээ хамгийн гол нь сонирхолтой байлгах зорилготой бусдын анхаарлыг татахын тулд гоонь эрчүүд гэж нэр өгсөн. Тэр нь ч биелэлээ олсон гэж хэлж болно. 

-Юмыг сэтгэлээсээ хийх хамгийн чухал-

Цайны газраа нээж эхэлснээс хойш үйлчлүүлэгчид хэр их ирж байна.

-Маш их ирж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ачааллаа дийлэхгүй байлаа. 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлаад ч захиалгаа гүйцэхгүй байна. Анх захиалгаар хийдэг байхад ямар ч ачаалал байхгүй бид гурав хангалттай ирсэн захиалгуудаа хийчихдэг байсан.

Үйл ажиллагаагаа ямар төлөвлөгөөтэй явуулж байна.

-Хүргэлтийг бол хоёр ундага дугуй, дөрвөн мофит, нэг машинтай гэж төлөвлөж бэлдсэн. Гэсэн ч зарим хүмүүс олноор захиалга өгчихөөд хийгээд яваад очихоор утасаа авахгүй байх тохиолдлууд гараад байсан болохоор хүргэлтээ түр зогсоочихоод байгаа. Мөн хүргэлт хийх цагийн ажилтан авсан хоолыг нь хөргөх, хэдэн цагаар алга болох гэх мэт асуудлууд гарсан.

Танай хуушуурны онцлог юу вэ?

-Юмыг сэтгэлээсээ хийх хамгийн чухал. Бид нар сэтгэлээсээ, аль болох амттай хийхийг хичээдэг. Бас ирж үйлчлүүлж байгаа хүмүүст баярлалаа гээд үргэлж бөхийдөг. Амттай байна уу? Сэтгэлд тань нийцсэн үү? Махны амт ямар байна? гэх мэт асуултыг байнга асууж, дараа дахин үйлчлүүлэхийг хүсдэг.

Хуушуурны амтыг хэн нь голлож амталдаг вэ?

- Бид гурав мэргэжлийн тогоочид биш. Бүгд өөр өөр мэргэжилтэй. Гэсэн ч манай ах мэргэжил эзэмшиж сураагүй маш сайн тогооч. Манай том ах амталдаг. Дунд ах бэлтгэл ажлыг нь хийгээд би сурталчилгаа, зар түгээх ажлыг нь гүйцэтгэж байна даа.

Мөнгө олохын тулд Солонгосчуудын өмнө бөхөлзөөд, “Шиба” гээд хараахад өөдөөс нь инээгээд бөхөлзөөд л явдаг байв-

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?

-Хүмүүс их сэтгэл ханамжтай байгаа. хотын нөгөө захаас авахуулаад бүр Сэлэнгэ, Говь-Сүмбэр зэрэг хол аймгуудаас хүртэл манай хуушуурыг идэхийн тулд зорьж ирж байна. Манайх бусад хуушуурны газрыг бодвол мах ихтэй, боломжийн хэмжээтэй ер нь яг гэртэй хийж иддэг хуушууртай нь адилхан амтыг гаргахыг хичээдэг.​

Биднийг яриа авч байх үед хуушуур идэхээр ирж байгаад машинаа шүргүүлсэн гэх эмэгтэй гарч ирэв. Тэрээр  "Манайхаар дахин үйлчлүүлээрэй баярлалаа" хэмээн хэлээд хойно нь бөхийж үлдэж байгаа харагдана.

Ярилцлага хийж байх үеэр Говь-Сүмбэрээс "Гоонь эрчүүдийн хуушуур"-ыг идэхээр зорьж ирсэн үйлчлүүлэгчтэй таарсан юм. Тэрээр хэлэхдээ " Эдний хуушуурыг идэхээр гэр бүлтэйгээ хамт Говь-Сүмбэрээс ирлээ. Амт чанарын хувьд маш гоё амттай байлаа. Сэтгэл ханамж дүүрэн байна" гэв. 

Та өмнө юу хийдэг байсан бэ?

-Би ч юм юм л хийдэг байлаа. Солонгосд ажиллаж байсан. Барилгын нураалт, цэвэрлэгч гээд хар бор өчнөөн л ажил хийж явлаа. Мөнгө олохын тулд Солонгосчуудын өмнө бөхөлзөөд, “Шиба” гээд хараахад өөдөөс нь инээгээд бөхөлзөөд л явдаг байв. Би уг нь тамирчин хүн. Дрифт хийдэг юм. Машин засна, тоноглоноМанай аав жолооч хүн байсан. Хоёр настайгаасаа эхлээд л аавынхаа хажууд суугаад явдаг байлаа. 19 настайгаасаа эхлээл 20 жил мэргэжлийн жолоодлого буюу дрифт хийдэг хийдэг байсан. Анх Монголд дрифт хөгжөөгүй хүн бүр мэддэггүй байхад л дрифт хийдэг байлаа.

-Намайг Турк улсад хоёрхон сар болоод ирэхэд орхиод явчихсан байсан-

Таны цаашдын амьдралын төлөвлөгөөнд чинь эхнэр багтсан болов уу? 

Өмнө эмэгтэй хүнд гомдож явсан. Намайг Турк улсад хоёр сар болоод ирэхэд эхнэр маань орхиод явсан байсан. Тухайн үед хүү минь ой гарантай байсан. Одоо хүү минь одоо зургаан настай. Ээж дээрээ хааяа очдог ч ихэнхдээ надтай хамт байдаг. Тиймээс эхнэр авах бодол байхгүй. Цаашдаа бол ажлаа хийгээд л охиноо хайраар дутаахгүй явахыг л эрхэмлэж байна. 

Та нарт бизнесээ өргөжүүлэх, шинэлэг санаа төлөвлөгөө байгаа юу?

-Энэ түрээслэж байгаа газраа солиод гадна талдаа том талбайтай газар түрээслэх санаа байгаа. Тэгээд гадна талбайдаа жижиг ширээ байрлуулаад хүмүүс хуушуур авах гээд хүлээж байхдаа биеийн чилээгээ гаргаад бүжиглэдэг талбай гаргана гэж бодож байна. Яагаад хуушуур хүлээх үедээ дуртай дуугаа сонсоод таван минут бүжиглэж болохгүй гэж? Энэ бол соёл. Хуушуурны хувьд долоо найман төрлийн хуушуур гаргах бодолтой байгаа. Хүмүүст сонголтыг арвин болгож өгнө.

Ярилцсанд баярлалаа.

 

 

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо
Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.