Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 27 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хуралдаанд үе үеийн дарга, гишүүд уригдан оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өргөтгөсөн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс 1992 онд ардчилсан тогтолцоонд шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталснаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглалын 3 салаа мөчир харилцан хяналт тэнцвэртэй ажиллаж, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх бие даан хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн билээ.

Үндсэн хууль, Шүүх байгуулах тухай 1993 оны хуулийн дагуу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан, 30 жилийн түүхэн замналыг туулаад байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны оновчтой загварыг эрэлхийлж, гадаад улс орнуудад түгээмэл хэрэглэгддэг “шүүхийн өөрийн” болон “гүйцэтгэх эрх мэдлийн” загварыг туршин суралцаж, 2013 оноос шүүхийн захиргааны бие даасан загварыг сонгон хөгжиж байна.

Энэ хугацаанд Монгол Улсад шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд чанартай хүртээмжтэй хүргэх, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг баталгаатай эдлүүлэх эрхийг хангахад тус Зөвлөл чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөл мөн хүний нөөцийн, санхүүгийн, дэд бүтцийн, техник, технологийн чадавхыг сайжруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргаж, нийгэмд танигдсан байгууллага болон бэхжиж чадсан нь үе, үеийн дарга, гишүүд, албан хаагчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг энэ өдөр бахархан тэмдэглэж байна.

Шүүхийн шинэтгэл бол байнгын үйл явц юм. Тиймээс бид Та бүхнийхээ хийсэн бүтээснийг уламжлан үргэлжлүүлж, улс орны хөгжил, төр засгийн бодлого, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шүүхийн шинэтгэлийг улам эрчимжүүлэн иргэн төвтэй, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон түүхтэй. Тус хуралдааныг даргалагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал өргөтгөсөн хуралдаанд оролцогчдод хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Шүүхийн захиргааны байгууллагын түүхийг бичилцэж, анхны хуралдааныг хийлцэж явсан, идэр насны минь нөхөд энд хуран цугларчээ. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд түүчээлэн зүтгэж, гар бие оролцсон үе үеийн төлөөлөлтэй уулзаж байгаадаа талархаж байна. Цаг улам л сайхан болж байна. Нийгэмд шударга ёсыг тогтооход шүүхийнхэн идэвхтэй оролцох ёстой” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Өргөтгөсөн хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, тус зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Ц.Нямдорж, Н.Лүндэндорж, Э.Батбаяр болон гишүүнээр ажиллаж байсан Н.Чадраабал, Н.Лувсанжав, Г.Лхагвамаа, М.Дамдинсүрэн, Н.Ганбаяр, О.Зандраа, Д.Гансүх, Б.Дэлгэрмаа, Ж.Дашдорж, Ж.Мөнхтуяа, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, Ц.Сумъяа, Н.Цогоо, Л.Баяраа, Д.Цогтсайхан, Ц.Батсүрэн, С.Нямжав, А.Энхбаатар, Б.Тунгалагсайхан, Б.Бат-Эрдэнэ, Г.Болормаа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Ч.Өнөрбаяр, Х.Ганболд, Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, В.Оюумаа, Ш.Атарцэцэг нарын хүндэт зочид оролцов.

16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна
16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.