Гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа болон шинэ санаагаа эхлүүлсэн ч хөрөнгө оруулалт, маркетинг нь асуудал болж буй, эсвэл бизнесээ хөгжүүлж, гадаад зах зээлд гаргахад дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гарааны бизнес эрхлэгч залуус нэгдэн туршлага хуваалцаж эхэлжээ.
Тодруулбал, Монголын гарааны бизнес эрхлэгч 200 гаруй ААН-ийн 2000 гаруй залуус нэгдсэн байна. Нэг үеэ бодвол Монголд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, орчин нөхцөл нь сайжирч байгааг залуус хэлж байна. Тухайлбал өнгөрсөн сараас эхлэн дэлхийн зах зээлд хөл тавих хүсэлтэй гарааны бизнес эрхлэгч залуусын хүсэлтээр АНУ, Япон, Хонгконгд анх удаа Монгол Улс IT-гийн атташе томилсон байна.
Энэ бол Монгол энтрепренеруудын хувьд маш том дэмжлэг, боломж юм. Гэвч дотоодод хууль эрх зүйн орчин сайжруулах шаардлага байгааг тэд хэлж байна. Тиймээс залуус гадаад, дотоодын зах зээлд амжилттай нэвтрэхэд зориулсан хуулийн төсөл боловсруулан шийдвэр гаргагчдад өргөн барих, мөн аж үйлдвэрийн хувьсгал, мэдээлэл технологийн шинэчлэлийг ойлгодог залуу улс төрчдийг урьж, санал солилцон, тэдэнд санал хүсэлтээ уламжилж байгаа аж.
Энэ хүрээнд өчигдөр УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг, Дамдины Цогтбаатар нарыг урьж ярилцлаа. Энэ үеэр “Залуучуудын хөдөлмөр эрхлэх чиг хандлага өөрчлөгдөж байна. Үүнд бизнесийн байгууллагууд, төр засаг дасан зохьцож бодлого үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд технологи, инновацийн хөгжлийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхийн тулд УИХ-д энэ сэдвийг ойлгодог, ярьдаг, дэмждэг залуу үеэ гаргах нь зүйтэй, мөн бидэнд сонгуулийн бэлэн мөнгөний амлалт, зээл тусламж хэрэггүй зөвхөн зах зээлд өрсөлдөх боломж, чанартай өрсөлдөгчид хэрэгтэй байна. Тиймээс эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна” хэмээн энтрепренерууд онцолж байв.
Харин нэр дэвшигч Ц.Мөнхцэцэг Мэдээллийн технологийн эрин зуунд Монгол Улс хөгжих үү, хоцрох уу гэдэг түүхэн үе дээрээ байгаа энэ үед Монголын залуу энтрепренерууд нэгдэн, туршлага хуваалцаж хуулийн төсөл хүртэл санаачлан ажиллаж байгааг сайшаагаад,
Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт,
-Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт, санхүүжилт татан, эдийн засгийн өсөлтийг бий болгох төсөл хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээнд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр,
-Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, нутагшуулсан аж ахуйн нэгжийг гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжих,
-Шинжлэх ухаан, инновацын нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгаж өгсөнийг онцлов.
Эх сурвалж: Toimnews.mn