Дэлхийн түүхэнд тарваган тахлын 3 том дэгдэлт (пандеми) бүртгэгдсэн байдаг.
Анхны цар тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр (531-580 он) Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна.
Хоёрдугаар тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн бөгөөд, учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн үхдэл маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ.
Гуравдугаар цар тахал 1894 онд Хонг Конгод эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.
Манай оронд 1886-1921 онд 30 гаруй удаа тарваган тахлын дэгдэлт гарч, олон хүний амь нас эрсэдсэн учраас гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх алба байгуулах зайлшгүй шаардлага, нөхцөл нь үүсч байсан юм. 1921-1930 онд Монголд гоц аюулт халдварт өвчний дэгдэлт гарсан үед хуучнаар Зөвлөлт орны тарваган тахал эсэргүүцэх байгууллагын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг байв.
Иймд ЗСБНХУ ба БНМАУ-ын хоорондын олон улсын хөл хориот өвчнөөс сэргийлэх хамтран ажиллах конвецийг 1930 оны 05-р сарын 30-нд байгуулан гарын үсэг зурсан нь манай хоёр улсын хооронд гоц халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Энэ арга хэмжээний хүрээнд 1931 онд Улаанбаатар хотод “Тахлын хотхон” нэртэй тарваган тахал эсэргүүцэх лабораторийг байгуулснаар одоогийн ЗӨСҮТ үүсгэн байгуулагдсан юм.
Одоогоор Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513(74.1%) нас барсан.
Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж чадвал өөрийн, цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадах юм.
Эх сурвалж: ЗӨСҮТ