Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 7,727, 000 хүн өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 130 мянган хүн шинээр өвчилжээ. Халдварын тархалт Бразил улсад голомтлон тархаж байна.
Өвчлөлийн хоёр дахь давлагаанд улс орнууд бэлэн байх ёстойг ДЭМБ-аас анхааруулсаар байна.
ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Тувад халдварын тохиолдол 176-аар нэмэгдэж, нийт 2203 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс үүдэж тус улсад эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэлээн нэмэгдээд байгаа.
Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Манай улсын хэмжээнд ажиглалтад 2057 хүн байна. Ажиглалтад шинээр 535 хүн орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ
Автобусны буудлууд дээр залуучууд тамхиа хувааж татах үзэгдэл их ажиглагдаж байна. Коронавирус шүлсээр дамжих тул тамхиа хувааж татахгүй байхыг анхааруулж байна” гэв.
У.БИЛГҮҮН