Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20, хоёрдугаар сарын 6-8, гуравдугаар сарын 13-17-нд болж өндөрлөлөө.
2023.01.16-2023.01.20-ны хооронд зохион байгуулсан сонсголоор шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Эхний шатны сонсголд нийт 166 гэрч оролцсон байна.
2023.02.06-2023.02.08-ны хооронд зохион байгуулсан сонсголоор 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 67 гэрчийг оролцууллаа.
2023.03.13-2023.03.17-ны хооронд зохион байгуулсан сонсголоор 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн хөрөнгийн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар танилцуулав. Гурав дахь шатны сонсголд нийт 123 гэрч оролцсон байна.
Нийт дуудагдсан 672 гэрчээс 53 хувь буюу 356 гэрч сонсголд оролцсон байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын үр дүнг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Нээлттэй сонсголд Монгол Улсын Хөгжлийн банк бэлтгэл ажилд багагүй цаг хугацааг зарцуулсан бөгөөд хагас жил гаруй хугацаанд түр хорооноос томилогдсон шинжээчдэд шаардлагатай бүхий л баримт бичиг, гэрээ, материалыг гаргаж өгч ажилласан юм.