Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг анх удаа томилгооны сонсгол хийж сонгон шалгаруулах гэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Комиссын гишүүдийн тоо гурав байсныг тав болгон нэмэгдүүлэхдээ томилгоон сонсгол явуулж сонгон шалгаруулж байгаа билээ. Цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор томилгооны сонсголыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 24 хүн материалаа хүргүүлснээс 19-ийг томилгооны сонголд оролцуулах болсон юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
Уг ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллана.