Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайн үйлсийн элч Д.Золжаргал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 14 секунд
 -Ер нь ээжийнхээ захиасыг биелүүлж яваа гэж хэлж болно- 

 


Анх хэзээнээс эхэлж сайн дурын ажил хийж эхэлсэн бэ?

- Анх арван жилээсээ сайн дурын ажил хийж эхэлсэн. 10 жилдээ найзуудтайгаа нийлж аарц чанаад Нарантуул, Бөмбөгөр гэх мэт том худалдааны захуудаар явж хүмүүст тарааж байсан. Тэр үед аарцаа гэр гэртээ аав ээж, эмээ нараасаа гуйж чануулаад авч явж байсан. Хамгийн анхны хийж байсан ажил болоод тэр үү санаанаас огт гардаггүй юм. Сэтгэлд хамгийн тод үлдсэн хэсэг.

Сайн үйлсийн аян яагаад хийх болсон бэ?

- Ээж маань намайг бага байхаас өөрийнхөө олсон орлогоос тодорхой хэмжээний хувийг бусдад буюу хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулж байгаарай гэж байнга захисаар ирсэн. Ер нь ээжийнхээ захиасыг биелүүлж яваа гэж хэлж болно.

Хийж байсан сайн дурын ажлуудаасаа танилцуулаач.

- Өлзийт хороололд байдаг 59 дүгээр сургуулийн “Монгол ёс заншлийн өргөө”-г тохижуулж байсан. Мөн өөрийнхөө төрсөн өдрөөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Чингилтэй дүүргийн 18-р хорооны эмнэлэгт хамар утлагын аппарад, хамар угаагч зэрэг тоног төхөөрөмж хандивлаж байсан. Хамгийн сүүлд гэвэл хандив өгөх шаардлагатай зорилтот бүлгийг судлаж үзсэний үндсэн дээр зургаан сарын 2-ны өдөр Нийслэлийн шүд нүүрний төвд 1000 ширхэг маск, 6000 ширхэг нэг удаагийн амны алчуур хандивласан байгаа.

                                                                   Өлзийт хороолол 59-р сургуулийн “Монгол ёс заншлийн өргөө”-г тохижуулж дууссаны дараа хүүхдүүдтэй хамт тоглож байна

                                                                                                                                               Баянзүрх дүүргийн 26-р хорооны эмнэлэгт утлагын аппарат, хамар угаагч хандивлаж байна  

-Өөрийн өдрийн хоол, хэрэглээ зэргээсээ танаж, товлосон хугацаандаа санхүүгийн хэрэглээгээ багасгадаг-

 

Хэд хэдэн газарт тохижилтын ажил хийсэн байна. Эдгээр багаж хэрэгслийг авах санхүүжилтээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

Би хувиасаа бүх санхүүжилтээ гаргадаг. 10 жилд байхад цагийн ажил хийсэн мөнгөө хуримтуулж санхүүжилтээ босгодог байсан. Оюутан болоод өөрийн авсан тэтгэлгийн мөнгө, хичээлээс гадуур хийсэн ажлынхаа цалингаа зарцуулдаг байсан. Харин одоо бол өөрийн сарын цалин, ажлаас гадуурх орлогоо тодорхой хугацаанд цуглуулдаг байгаа. Өөрийн өдрийн хоол, хэрэглээ зэргээсээ танаж, товлосон хугацаандаа санхүүгийн хэрэглээгээ багасгадаг

Ойрын хугацаанд ямар сайн дурын ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Би дүүргүүдийг бүсчилэн судалгаа хийсний үндсэн дээр хүүхдийн тоглох талбай их хомс байж таарсан. Тиймээс ирэх найман сард сонгож авсан дүүргийн гэр хороололын хэсэгт  хүүхдүүдийн тоглох сагсны талбай байрлуулахаар төлөвлөөд байна. 

Өлзийт хороололын 59-р сургуульд модон оньсон тоглоом, шагайн найдгай, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх монгол наадгайн гарын авлага гардуулан өгч байна

-Хүмүүсийн хүрч чадахгүй байгаа, анзаарахгүй орхигдуулж байгаа бүлгийг сонгон авч туслахыг хичээдэг-

 

Цаашдаа сонирхол нэг хүмүүстэй хамтарч ажиллах бодол байгаа юу?

- Магадгүй том цар хүрээтэй төсөл боловсруулаад түүн дээр ажиллах хэрэг гарвал хамтарч ажиллах байх. Гэхдээ хүмүүс болон байгууллагуудаас санхүүжилт гуйгаад явах нь надад тухгүй санагддаг. Ер нь бусдаас гуйж санхүүжилт босгох нь надад ач холбогдолгүй юм. Тийм болохоор хувиараа өөрөө санхүүжилтээ босгоод бусдад туслахыг эрмэлздэг.

Хандив хүргэх буюу туслах зорилтот бүлгээ хэрхэн сонгодог вэ?

 Сайн дурын ажил хийж байгаа маш олон залуучууд, байгууллага, компани байгаа. Тиймээс тэр хүмүүсийн хүрч чадахгүй байгаа, анзаарахгүй орхигдуулж байгаа бүлгийг сонгон авч туслахыг хичээдэг. 

Жишээлбэл: Цаг үеийн байдлаас үүдэлтэй хүн бүр Онцгой комиссд хандив өргөж байсан. Тиймээс би хамгийн сүүлийн хандиваа Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд өгсөн. Яагаад гэхээр шүд эрүү нүүрний эмнэлэгт нэг удаагийн алчуур их хэрэгтэй болдог юм байна. Тийм болохоор тухайн газруудыг судлаж үзээд Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд хандив шаардлагатай газар байна гэж үзээд хандив өгсөн байгаа. Мөн хандив өгсөнөөс хойш тодорхой хугацааны дараа миний өгсөн зүйл хэрхэн үр дүн өгч байна вэ?, яг хэрэгтэй хүмүүстэй хүрч чадаж байна уу гэдэгт эргэж хяналт тавьдаг.

                                                                                                                           Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд 1000 ширхэг маск, 6000 амны хаалт хандивлаж байна 

                                                                                                          Чингэлтэй дүүргийн 18-р хорооны эмнэлэгт утлагын аппарат, хамар угаагч хандивлаж байна

-Хэн нэгнийг бага гэлтгүй өөрийн чадахаараа баярлуулахыг хүсдэг. Түүнээсээ аз жаргалыг мэдрэх нь хамгийн сайхан-

 

Сайн үйлсийн аянд сарын цалин, орлогоосоо зарцуулж байгааг гэр бүл, найз нөхөд тань хэрхэн хүлээж авдаг вэ?

- Мэдээж гэр бүл найз нөхөд маш их дэмждэг. Хамгийн их урам зориг өгдөг хүн бол миний ээж. Ээжийнхээ захисан захиасыг биелүүлж бусдыг баярлуулж байгааг харахад сайхан байдаг. Найз нөхдийн хувьд бараа бүтээгдэхүүн зөөхөд туслах, хол явах шаардлагатай бол машинаараа туслах гэх мэтээр үргэлж тусладаг.

Таны тусласан хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ? Баярласан сэтгэлээ яаж илэрхийлж байна вэ?

- Хүн бүр өөр өөрөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хүүхдүүд их хөөрхөн шууд нүүрэн дээр нь инээмсэглэл тодроод ирдэг. Настай хүмүүсийн хувьд урмын үг, сэтгэлд үлдэхээр гоё үгс их хэлдэг.

Сайн дурын ажил хийхийн хамгийн жаргалтай зүйл нь юу вэ?

- Би ганцаараа аз жаргалтай байхыг хүсдэггүй. Хэн нэгнийг бага гэлтгүй өөрийн чадахаараа баярлуулахыг хүсдэг. Түүнээсээ аз жаргалыг мэдрэх нь хамгийн сайхан. Мөн хүмүүс тэр дундаа залуучууд маань заавал төр гэхгүй өөрсдийн боломжоороо бусдад дутагдаж байгаа зүйлээр туслаасай гэж хүсч байна.

                                                                                                                                                                                                             Ярилцсан: Н.Мөнхзаяа (Ulaanbaatarnews)

Шинжилгээнд хамрагдсан далайчдын 60 хувьд эсрэг биет илэрлээ
Шинжилгээнд хамрагдсан далайчдын 60 хувьд эсрэг биет илэрлээ
 
СОНГУУЛИЙН ИРЦ: 20-24 насныхны ирц 36 хувь, 70-аас дээш насныхны ирц 77.1 хувьтай байна /18.00 цагийн байдлаар/
СОНГУУЛИЙН ИРЦ: 20-24 насныхны ирц 36 хувь, 70-аас дээш насныхны ирц 77.1 хувьтай байна /18.00 цагийн байдлаар/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц