Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрээр 1500 өрхийг орон сууцжуулж байгаа юм.
Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдөр 16:00 цагт Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхан батламж гардуулна.