Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Тухайлбал, Говь хурах ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Нийт санхүүжилтээс 0.7 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчийн хадгаламжид байршуулсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 0.8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Эл компанийн 50 хувийн хувьцааг Л.Баяраа, 50 хувийг УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн нөхөр Ц.Санжжав эзэмшдэг аж.