Өнөөдөр буюу зургадугаар сарын 08-ны өглөө 06 цаг орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг "Тахилтын даавааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.Тодруулбал, Сэлэнгэ аймаг руу сонгуулийн ажлаар явж байсан "Гүрэнт Монгол" хөдөлгөөний хоёр гишүүн авто ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тус тээврийн хэрэгсэлд хамт явж байсан гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байна.
Энэ тухай "Сахигтун үндсэн хуулийн 19" эвслийн тэргүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ "Сэлэнгэ аймаг руу сонгуулийн ажлаар явж байсан "Сахигтун үндсэн хуулийн 19" эвслийн үндсэн бүрэлдэхүүн болох "Гүрэнт Монгол" хөдөлгөөний хоёр гишүүн Н.Жамъяандорж, Н.Мөнхсайхан нар авто ослын улмаас таалал төгслөө. Энэ эмгэнэлтэй мэдээг хүргэж байгаадаа бид үнэхээр харамсаж байна.Журмын нөхдийнхөө ар гэр, найз нөхдөд "Гүрэнт Монгол" хөдөлгөөний нийт гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье" гэв.