“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрх болон сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүний албан тушаалаас нь чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан байна.
Хуулиараа Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна гэж Засгийн газрын тухай хуульд заасан юм.
Мөн түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэнээ АТГ-аас мэдээлсэн билээ.