УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар сонгуулийн хууль, улс төрийн намын хууль, авлигын багц хууль болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хууль тэргүүтэй олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Ард иргэд нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсэж байна. Улс орны хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж байгаа зүйл бол авлига гэж үзэж байна. Иймээс энэ хаврын чуулган авлигын эсрэг эрхзүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх багц хуулиудыг хэлэлцэнэ. Мөн авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг батална.
Засгийн газар авлигатай тэмцэхээр 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Үүнийг УИХ хуулийн бодлогоор дэмжиж, авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж, хэлэлцүүлж, ажил хэрэг болгож ажиллах шаардлагатай. Ёсзүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм.
Авлига Монголын нийгэмд гүнзгийрсэнийг иргэд ярьж байна. Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон хэрэг байсхийгээд илэрч байна. Иргэд сургуульд хүүхдээ оруулахдаа хүртэл авлига өгөх ёстой гэсэн үзэл хандлагатай болсон байна" гэлээ.