Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 6 сая 948 мянган хүн өвчилж, 401 мянган хүн нас барсан байна. Одоогоор 3.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт ОХУ-д 8855 хүн шинээр халдвар авсан байна. Монгол Улстай хил залгаа Тувад 98 тохиолдол, Эрхүүд 70 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр 59 иргэн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1244 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 39 иргэн байна. 24 цагийн 119 дугаарын утсанд 166 дуудлага ирсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 217 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Энэ шинжилгээнд хамрагдсан ихэнх иргэд 5 сарын 19-ны өдөр Энэтхэгээс ирсэн иргэд байна.
Шинжилгээнд хамрагдсан иргэдийг задалбал тусгаарлах байранд буй 185 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын 3 сорьцын шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн сорьцонд шинжилгээ хийсэн.Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан.
Нийт батлагдсан тохиолдол 193 байна. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 75 боллоо.
Өнөөдөр ХӨСҮТ-д 153 хүн тусгаарлалт, ажиглалтанд байна. Үүнээс эмчлэгдэж буй иргэн 118, тусгаарлалтанд буй 35 эмч, сувилагч үйлчлэгч нар байна. Эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдлын хувьд 95 хүн хөнгөн, хүндэвтэр 23 хүн байна.
Н.Золзаяа