ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Манай ХӨСҮТ-өөс халдварт өвчний хам шинжүүдээр байнгын тандалт, судалгаа хийдэг. Тандалтыг цочмог халуурал, тууралтат хам шинж болон цочмог халуурал, цэврүүт тууралтат хам шинж гэсэн хоёр төрлөөр явуулдаг. Тандалтын хариуг авч үзвэл аль аль үзүүлэлт нь сүүлийн таван жилийн дундаж босго үзүүлэлтээс даваагүй. Сүүлийн гурван жилийн өвчлөлийн үзүүлэлттэй харьцуулахад хэвийн түвшинд байна.
Салхин цэцэг өвчин сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ч цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн босго үзүүлэлттэй нэг түвшинд байна. 2022 онд ХӨСҮТ-д салхин цэцэг өвчний оношоор 675 хүн хэвтэн эмчлүүлсэн. Харин он гарсаар эхний гурван сарын байдлаар 300 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн.
Амьсгалын замын халдварт өвчнүүдээс голлох өвчний нэгдүгээрт, томуу болон томуу төст өвчин. Хоёрдугаарт, салхин цэцэг юм. Салхин цэцэг өвчний хувьд хэдийгээр босго үзүүлэлтийг даваагүй ч өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэмийн талаас сайтар анхаарах хэрэгтэй.
Хэрэв хүүхэд тань халуурч, ямар нэгэн тууралт гарч байгаа бол халдварт өвчин байх магадлалтай учир цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, мэргэжлийн эмчид үзүүлэн, шалтгааныг тогтоох нь зүйтэй. Магадгүй салхин цэцэг болон тууралтат халдварт өвчинтэй байвал халдвар тарж болзошгүй. Тиймээс энэ тохиолдолд тодорхой хугацаанд нь хүүхдээ олон нийтийн газар явуулалгүй, гэртээ тусгаарлах хэрэгтэй. Мөн салхин цэцгээр өвчилсөн хүүхэдтэй хамт байсан гэдэг мэдээллийг цэцэрлэг, сургуульд нь мэдэгдэх чухал. Ингэснээр бид салхин цэцэг болон амьсгалын замын халдварт өвчнийг бусдад халдаалгүйгээр урьдчилан сэргийлэх боломжтой" гэв.
Д.Дөлгөөн