Энэ сарын 4-ний өдөр Ардчилсан намын ухуулагчид Монголын ногоон намын нэр дэвшигч Г.Эрдэнэтуяагийн уулзалтад дайран орж, тараасан үйлдэл гаргалаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 30 гаруй жил багшилж буй Ганбаатарын Эрдэнэтуяа сонгуулийн 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Харин түүний өрсөлдөгч нь АН-ын дарга С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт нар юм.
Нэр дэвшигч Г.Эрдэнэтуяа Баянгол дүүргийн 10 дугаар хорооны байрны дэргэдэх талбайд иргэдийг урьж цуглуулаад, уулзалтаа дөнгөж эхэлж байхад нь “Өөрчлөлтийг өрх бүрд” уриа бүхий хувцастай эмэгтэйчүүд дайран орж иржээ. Улмаар нэр дэвшигчийг танилцуулгаа ч бүрэн хийж амжаагүй байхад уулзалтыг тараасан нь доорх бичлэг дээр харагдаж байна.
Бид менежертэй нь холбогдоход
“Хорооноос зөвшөөрөл авсан, тэр бүү хэл хэсгийн цагдаа дээр нь ч орж мэдэгдсэн. Цагдаагийн байцаагч бидэнд хөл хорионы үед яаж уулзалт хийх, ямар стандарт, шаардлага хангах ёстойг хэлж өгсөн. Мөн журмын дагуу цагдаагийн хамгаалалт, ажиглалт хийх учиртай гээд гурван ч цагдаа тэнд байсан” гэж учирлалаа. Гэтэл АН-ын ухуулагчийн хувцастай эмэгтэйчүүд гар ариутгах ч үгүй уулзалтын талбайд дайран орж хөл хорионы дэглэмийг зөрчсөн гэлээ. Өөрчлөлтийг өрх бүрд гэдэг үгнийхээ утгыг ойлгож байна уу, бид ч бас дүүргийнх нь, тойргийнх нь өрхийн төлөөлөл шүү дээ” хэмээж байсан юм.
Хэдийгээр уг уулзалт тарсан ч өөр талбайд дахин эхлүүлсэн ч гэлээ төрийн засаг захиргааны нэгж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг Ардчилсан намынхан эзэмших, эзэрхийлэх, өмчлөх ямар ч үндэсгүй хэмээн гомдолтой ярив. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг ч зөрчиж буйг дурдсан билээ.