Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хорионы үеийн номын баярт 50 орчим байгууллага, 100 гаруй зохиолч оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд


Жил бүрийн хавар, намарт зохиогддог “Номын баяр”-ын нээлт өчигдөр буюу зургадугаар сарын 5-ны өдөр “Мишээл экспо” ОУҮХТөв-д зохион байгуулагдлаа. Уг номын баяр нь нийтдээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд 50 орчим албан байгууллага, 100 гаруй зохиолч оролцож байгаа юм. 
Эхний өдрийн байдлаар дөрвөн номын нээлт хийгджээ.  Биднийг очиход З.Ганчимэг зохиолч өөрийн номын нээлтээ хийж байв. Түүний гаргасан “Англи хэл сурах амархан” номын гарчиг анхаарал татсан тул номных нь талаар  тодрууллаа.

-Номынхоо талаар товч танилцуулга өгөөч? Бусад англи хэлний сурах бичгээс ямар ялгаатай вэ?

-Энэхүү ном маань туршлага, ухаарал, ололт дээр тулгуурлан бичигдсэн. Уншиж байгаа хүндээ харилцаж байгаа мэт комик хэлбэрээр бичигдсэн ба 26-аас дээш насныханд зориулагдсанаараа маш онцлог байгаа. Энэ ном маань гурван бүлэгтэй ба эхний “Яагаад” бүлэгт уншигчийн сэтгэл зүйг бэлдсэн хэсэг багтана. Хоёр дугаар хэсэг буюу “Яаж” бүлэгт хэрхэн яаж сурч болох, юуг анхаарах ёстой талаарх аргачлалыг тусгаж өгсөн. Гурав дах бүлэгт хүүхэд анх хэл сурахтай адил учир зүйг нь гаргаж өгсөн.

Та номоо яагаад “Англи хэл сурах амархан” гэж нэрлэсэн бэ? Англи хэл сурах амархан гэж үү? 

Хэл сурна гэдэг нь өөрөө ур чадварт суралцаж байгаа гэсэн үг. Сонсох, ярих, бичих чадвар гэдэг бүгд ур чадвар юм. Ямар нэг зүйлийг чадах уу? гэж асуувал чаддаг хүн амархан гэж хэлнэ, чадахгүй хүн хэцүү гэж хэлнэ. Тэгэхээр англи хэл сурах аргачлалыг нь зааж өгч байгаа учраас ийм нэр өгсөн байгаа.

Англи хэл сурч буй залуустаа хандан урмын үг хэлээч? 

Чадна гэж бодвол чаддаг болно. Тиймээс хүн эхлээд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Монголдоо англи хэл сурахыг хэцүү гэж бүү бодоорой. Монгол багш нараа битгий голоорой. Эх орондоо англи хэлээ маш сайн эзэмшчихээд дараа нь гадны их дээд сургуулиудад суралцаарай. Монголд хэл сурах бүрэн боломж байгаа шүү гэж хэлмээр байна.

“Англи хэл сурах хэцүү” хэмээвээс хэцүү. Таны зөв. Харин “Англи хэл сурах амархан” хэмээвээс амархан. Таны зөв" хэмээх мессежийг өгөх гэж хичээсэн тус зохиолчийн номыг сонирхсон иргэд түүнийг тойрсоор үлдэв. 

“Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатай номын баяр нь хөл хорионы үед зохион байгуулагдсан хэдий ч харьцангуй хөл хөдөлгөөнтэй байв. Баярт оролцсон зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцож байлаа. Жил бүрийн хавар, намарт Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байсан бол маш амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр “Лантуун дохио” ТББ, “Jack’s coffee”, “Ид шидийн орон”-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай номын баярын утга учир, өсөлт дэвшлийн талаар цөөн хором ярилцлаа. 

-Номын баярт жил болгон оролцдог уу? Ямар зорилгоор оролцдог вэ?

-Анхны номоо 2013 онд гаргаснаас хойш долоо дахь жилдээ оролцож байна. Миний бичсэн номын уншигчидтайгаа уулзах гэх мэтчилэн цаашлаад энэхүү номын баяр нь зохиолч болон уншигчдын уулзалддаг хамгийн том баяр юм. Тиймдээ ч  энэ сайхан баярын утга учир нь ном худалдах, борлуулах гэхээсээ илүү номын сайхан үйл хэргийг даган баясаж, олон сайхан хүмүүстэй хамт ном гэх нэрийн дор уулзалдаж, танилцах боломж гардагт байгаа юм.

-Энэ жилийн номын баярын онцлог болон хүмүүсийн хүлээлт ямар байсан бэ?

-Энэ жилийн онцлог нь цахим болон уламжлалт гэсэн хэлбэрээр хосолж явагдаж байгаа. Мөн энэ удаагийн номын баяр хийгдэхгүй гэж байсан ч амжилттайгаар зохион байгуулагдаж байгаа нь өндөр хүлээлттэй байсан иргэдэд маш таатай байна.

-Олон жил оролцож байгаа хүний хувьд Номын баярын өсөлт, дэвшилийг хэрхэн мэдэрч байна вэ?

-Мэдээж хэрэг үргэлж өсөн дэвшсээр байгаа, “Номын Ертөнц” ТББ нь энэхүү ажлаа маш сайн хийж улам бүр л зохион байгуулалтаа чанаржуулдаг. Энэ жил гэхэд л “номын загварын шоу”-г хүртэл зохион байгууллаа хэмээн тэрээр хариуллаа. 

Түүний хэлсэнчлэн номын зохиогч, орчуулагчид, хэвлэлийн компаниуд нэг дор чуулж, ном бүтээлээ нэмүү өртөг шингээгүй үнээр борлуулан, уншигчидтайгаа шууд харилцаа тогтоодог.Тэд шинэ номуудаа энэ баяраар "нээдэг" болсон нь өөрсдөд нь ч ашигтай, уншигчдад ч таатай байдаг. Түүнчлэн ном бүтээгчид цугласан газар шинэ шинэ хамтын ажиллагааны эхлэл тавигдах нь ойлгомжтой юм. 

Түүнчлэн энэ удаагийн номын баяртай  “Бурхан багшийн дүйчин өдөр” давхцаж буй нь онцлог байлаа. Хөл хорионы улмаас магадгүй гэрээсээ гарах боломжгүй иргэд онлайнаар номоо захиалж авах боломжтой тул иргэдийг номын баярт идэвхтэй оролцон өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй хэмээн уриалж байна. 

Н.Золзаяа, А.Содномдаржаа 

Бурхан багшийн их дүйчин өдрөөр иргэд юу хийв?
Бурхан багшийн их дүйчин өдрөөр иргэд юу хийв?
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.