Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу “Бурхан багшийн их дүйчин өдөр” өчигдөр тохиолоо. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.
Тэгвэл энэ өдрийг УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар бүх нийтийн амралтын өдөр болгож, архи уухгүй, тамхи татахгүй, муу үйл хийхгүй, бусдыг хохироохгүй, зөв зүйтэй эерэг хандлагыг нийгэмд түгээж өнгөрүүлэхийг уриалсан юм.
Уг шийдвэрийн дагуу иргэд, сүсэгтэн олон анх удаа бурхан багшийн их дүйчин өдрөөр ийнхүү нийтээр амарлаа. Тэгвэл тэд зүгээр амраад өнгөрсөнгүй, нийгэмд хэрэгтэй олон сайн үйлс хийснийг энэхүү нийтлэлээр багцлан хүргэж байна.
-Иргэн Ш.Энхжаргал Жанрайсаг бурханы өмнө 432 мандалын цэцэг тарьжээ-
Баянгол дүүргийн иргэн Ш.Энхжаргал Жанрайсаг бурханы өмнө 432 мандалын цэцэг тарьжээ. Тэрээр энэ талаар "Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан эх болсон есөн зүйл хамаг амьтны тусын тулд 108-аар 3 удаа мод тарьж, мөн мандалын 432 цэцэг тарьсан. Миний хувьд ер нь буяны ажил нилээд хийдэг. Жишээлбэл, өмнө нь асрамжийн газрын хүүхдүүдэд тусалж, гэргүй хоёр айлд иж бүрэн гэр авч өгч байсан. Гэхдээ тэрийгээ ил гаргаж, зарлаж байгаагүй." гэсэн юм.
-Иргэн Батсүх гэр бүлээрээ төв гандан хийдэд мод тарьж буян үйлджээ-
Иргэн н.Батсүх Бурхан багшийн их дүйчин өдрөөр өөрийн гэр бүлийн хамт төв гандан хийд Жанрайсаг бурхны хажууд мод тарьж буян үйлджээ.
-Гандантэгчилэн тэргүүтэй хийдүүд төрөх эмнэлгүүдэд нярайн хэрэгцээт зүйлс хийгээд эмнэлгийн багаж, төхөөрөмж хандивлажээ-
Энэ жил бурхан багшийн их дүйчин өдөр 2020.06.05-нд тохиож буйтай холбогдуулан Гандантэгчилин хийд тэргүүтэй буддистууд энэ өдөр төрсөн нярай болон эхчүүдэд бэлэг гардуулж, буян хураажээ. Тодруулбал, ивээн тэтгэгчдийн зүгээс хүүхдийн баривч, үнэг, живх зэрэг хэрэгцээт бэлгийн багцаас гадна шарлагын аппаратны нярайн нүдний хамгаалалт, хүчилтөрөгч өтгөрүүлэх аппарат, төрөх үеийн дэргэд байдаг эмчийн нэмэлт гэрэл зэрэг нялхасын эрүүл мэндийг хамгаалах бусад бэлгийг төрөх эмнэлгүүдэд өгсөн байна.
-Happy Town хотхоны “Мишээл” хүнсний дэлгүүр хүүхдүүдэд үнэгүй зайрмаг тараажээ-
Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Happy Town” хотхоны “Мишээл” хүнсний дэлгүүр Бурхан багшийн их дүйчин өдрөөр хотхоны багачуудад үнэгүй зайрмаг тарааж, баярлуулжээ.
-Зүүн хүрээ Дашчойлон хийд, Сүхбаатар дүүргийн иргэд хамтарч Сэлбэ голыг цэвэрлэжээ-
Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам нар болон Сүхбаатар дүүргийн иргэд, сүсэгтэн олон хамтарч Бурхан багшийн их дүйчин өдрөөр Сэлбэ голыг цэвэрлэжээ. Мөн тэдэнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дүүргийн 1, 8-р хороо, СӨХ-ийн хамт олон дэмжлэг үзүүлэн, тусалсан байна.
-Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн таван өрхөд гэр гардуулжээ-
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн таван өрхөд гэр гардуулжээ.
Энэ талаар тэрээр “Монгол эх орондоо ирэх бүртээ хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийхийг зорьж байгаа. Энэ удаад хүмүүст таван гэр өгөхөөр бэлдсэн. Өнөөдөр Бурхан багш төгс гэгээрч, нирваан дүрийг үзүүлж, эхээс мэндэлсэн гурван дүйчэн өдөр. Шашинтай, шашингүй, өөр шашин шүтдэг хэн бүгд сайн сайхныг хүсдэгээрээ адилхан. Аливаа жаргал, зовлонд шалтгаан нөхцөл үүсдэг. Шалтгаангүй жаргал, зовлон гарна гэж байхгүй. Нэгэнт л хүнд аз жаргал хүсэж байгаа юм чинь бие, хэл, сэтгэл гурваар бусдад хорлолтой үйлийг тэвчээд, тустай үйл хийх юм бол маш их буян хураах бололцоотой.
Зовлонгийн шалтгаан бол буруу сэтгэл. Бусдад хор хүргэх буруу сэтгэлийг хорих нь хамгийн чухал. Иймд энэ өдөр бие биенээ энэрэн хайрлаж байгаасай гэж уриалмаар байна” гэв.
-"Асрал төв” ТББ-аас хорих ангийн эмэгтэйчүүд болон амаржих газрын нярай хүүхдүүдэд бэлэг өгчээ-
“Асрал төв” ТББ Бурхан багшийн их дүйчин өдрөөр эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид хүмүүжиж буй нийт эмэгтэйчүүдэд ариун цэврийн хэрэглэгдэхүүн, 1 эмэгтэйд сонсголын аппарат, 1 эмэгтэйд таяг бэлэглэжээ. Мөн тус төвийн талаар сонссон Вьетнамд амьдардаг монгол эмэгтэй ном хандивласныг хорих ангийн эмэгтэйчүүдэд дамжуулан өгсөн байна.
Мөн энэ өдөр Амгалан амаржих газарт буй нийт 90 нярайд гарын бэлэг болон живх хүргэж өгөхийн дээр ээжүүдэд нь уг өдөрт зориулан хэвлүүлсэн өөрсдийн номоо бэлэглэжээ.
“Асрал төв” нь цар тахлаас өмнө 32 хүүхэдтэй үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх төв ажиллуулж байсан ч, хөл хорио тогтоосонтой холбогдуулан уг төвөө хаасан байна. Гэсэн ч өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүддээ сар бүр гэрт нь хүнс хүргэж өгч байгаа аж.