Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Иргэд хотыг сүрьеэ, ханиад томуу, хеликобактер тээсэн ШҮЛСЭЭРЭЭ “өнгөлж“ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд

Хаврын урь хэдийнээ оржээ. Ганган дэгжин охид залуус их хотын гудамжийг чимнэ. Гэвч тэд нус, цэр, тэр байтугай татсан тамхины ишээ сурамгай гэгч нь гудамжинд хаячихаад инээд алдан хэнэггүй алхацгаана. Шүлс, цэр гэгч хичнээн хэмжээний нян, бактерийг дотроо агуулж, түүнийгээ агаар орчинд тарааж байдаг талаар ядаж л арван жилийн сурах бичгээсээ уншиж, сонссонбайлтай. Гэтэл гэр хорооллын худаг, хашааны булан тохой, орон сууц, ТҮЦ, дэлгүүрүүдийн үүд, гудамж талбайн завсар зай бүрд хөлдөж барьцалдсан нус цэр, тамхины иш хөглөрнө. Цаг агаар + градусыг зааж буй энэ өдрүүдэд өнөө хөлдсөн шүлс, цэр нь хайлж буй цас, ил задгай хогтой нийлэх нь нянгаар үүсгэгддэг сүрьеэ, ханиад томуу, улаанбурхан, хеликобактер зэрэг халдварт өвчний эрсдэлийг бий болгож буй хэрэг билээ. Тамхины иш ч мөн ялгаагүй.

“Эрүүл ахуйн тухай хуулийн” 20.1.8-д “Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглоно” гэсэн хуулийн заалт байдаг. Гэвч хууль хяналтын байгууллага нь тэр бүр иргэдийн нус, цэрээ хаях үйлдлийг хянаад зогсох нь учир дутагдалтай. Чухамдаа эл асуудлыг шийдэх гаргалгааг хууль гэхээсээ илүү хувь хүний ухамсарт даатгах нь хавь илүү. Ухамсар байхад бид үйлдлээ хэрхэн, яаж гэдгийг шийднэ. Өөр бусдын тархиар биш өөрсдийн ухамсраар.

Гэртээ ороход гэр бүлийнхний чинь хэн нэгэн шалаа угаачихсан байхыг хараад гуталтайгаа алхаж ороод, шүлс цэрээ хаядаггүй биз дээ. Үүнтэй л агаар нэг. Өөрийн тань гудамжинд хаясан шүлс, цэр, хогийг хэн нэгэн ТҮК-ийн ажилтан цэвэрлээд ч зогсож байгаа. Шүлс, цэр, тамхины ишээ хаях гэж байгаа бол "Аав, ээж шигээ хүмүүст ажил удах уу, болих уу" гээд нэг бодолцоорой.

Тайлбар байхгүй.

Нар ээх дулаахан өдрүүдэд гадаа гарч тоглохыг дүү нар чинь гуйж байгаа биз. Гэтэл гадаа гарахад тоглоомын талбай, гудамжинд хаясан хэн нэгний шүлс, цэр дээр дүү нар чинь тоглож байна гээд бод доо. Энэ байдлыг үүсгэж буй нь ухамсаргүй томчууд нь. Шүлсээ хаях гэж байвал бяцхан дүү нарынхаа аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд тоглох орчин яах вэ гэдгийг бодоод үзээрэй.

Тайлбар байхгүй.

Эцэст нь, бид бүхнийг хуулиар шийдэх албагүй. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд иргэд нь хуулинд гэхээсээ ухамсартаа захирагдаж нус цэр шүлсээ авахдаа салфетка аль эсвэл ариун цэврийн өрөө хэрэглэдэг. Бид ч ялгаагүй бусдаас авч болох зөв жишгийг нь өөрсдөдөө хэвшүүлье. Бид их хотдоо "өнгө" нэмэх ёстой болохоос төвөг удах ёсгүй.

Д.Даваахүү

И-Монголиа цахим системээр оюутан цэргийн бүртгэлийг хийнэ
И-Монголиа цахим системээр оюутан цэргийн бүртгэлийг хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.