Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 8831 хүн шинээр халдвар авсан. Монгол Улстай хил залгаа Буриад, Эрхүү хот зэрэгт 39-138 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр 12 иргэнд сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д ажиглалтанд орсон. Харин 288 иргэн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1530 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 иргэн байна. 24 цагийн 119 дугаарын утсанд 179 дуудлага ирсэн. Ирсэн дуудлагын ихэнх нь амны хаалт зүүх нь багасч байна гэх мэдээлэл ирсэн.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 715 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Үүнээс 710 хүнд коронавирусний халдвар илрээгүй. Эдгээрийг задалвал тандалтын 14 сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 17хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн 626 хүний давтан болон эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Харин таван иргэнд халдвар илэрлээ. Үүнээс дөрвөн иргэн нь оюутан, нэг иргэн нь ачаа тээврийн жолооч. Тус жолооч зургадугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн боомтоор орж ирсэн. Түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан байсан. Ингээд шинжилгээ авахад халдвар илэрлээ. Түүнийг Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-рүү авчирч байна. Ингээд Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдол 191 боллоо. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Ингээд эдгэрсэн иргэн нийт 70 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-д нийт 121 иргэн тусгаарлалтанд байна.
Н.Золзаяа