НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагын дагуу бид Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хотын эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хувьд бие даан хөгжих үндэс суурийг бий болгох зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Тус хуульд Улаанбаатар хот дунд болон урт хугацаанд эдийн засгийн хувьд бие даан, тогтвортой хөгжих холбогдох зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, үнэт цаас гаргах, дагуул хот буюу эдийн засгийн тусгай бүс байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боломжууд бүрдсэн” хэмээсэн юм.
Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах багц төслүүдийн хүрээнд ЖАЙКА-гаас өнгөрсөн жил хийсэн “Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа” нь түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд маш чухал ач холбогдолтой байсан гэдгийг онцлов.
Түүнчлэн цаашид ЖАЙКА-тай хамтран ажиллах дараах саналуудыг илэрхийлэв.
- Дээрх "Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа"-нд үндэслэн гаргасан төлөвлөгөөний дагуу түгжрэлийг бууруулах хүрээнд Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл, Ажилчны гудамжид гүүрэн гарц барих төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Буянт-Ухаа орчмыг түшиглэн дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь судалгаа, төлөвлөлтөд хамтран ажиллах,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн бэлтгэл үе шатны суурь судалгааг боловсруулах болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Дээрх хүсэлтүүдтэй холбоотойгоор ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи суурь судалгаа хийх баг илгээж, боловсон хүчин бэлтгэх зэргээр бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийллээ.