БХБ-ын сайд Ц.Даваасүрэн газрын тухай хуулийг эргүүлэн татаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхий сайдтай нийслэлийн хотын ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд ойрын хугацаанд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар болж байна. Нийслэлийнхний хамгийн хүндрэлтэй асуудал бол газрын асуудал байдаг. Тиймээс өргөн барьсан байгаа Газрын тухай 7 багц хуулиа эргүүлэн татахаар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийг хийхээр болж байна.
Энэ төлөвлөлтийг хийсний дараа газар олголтын асуудлыг шийддэг болно.
Мөн орон нутгийн иргэд бэлчээртэй холбоотой асуудлуудыг сайн шийдээгүй байна гэж шүүмжилж байгаа. Орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тухайн газраа тусгай хэрэгцээнд авдаг. Гэтэл газрын хуулиар үүнийг нь байхгүй болгочихсон. Ингэхдээ сум дундын отрын бүс, хадлангийн газрыг л тусгай хэрэгцээнд авна гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн газрыг тусгай хэрэгцээнд авахаа байсан" хэмээлээ.