Ерөнхийлөгч асан Х.Баттулгад байсан АН-ын тамгыг өнөөдөр Л.Гантөмөрт албан ёсоор хүлээлгэн өгсөн. Тэгвэл уг асуудалд АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр хэн хэн нийлж АН-ын эрх мэдэл тамгыг булааж авах гэж улайрч байсан нь тодорхой боллоо. ЖАН, АН-ын урвагч нар МАН-ын шүүх байгууллагын оролцоотой хүчирхийллээр АН-ын тамга эрх мэдлийг булаах оролдлого ид явагдаж байна. Шинэ АН-ын дарга гэх Жантөмөр гэгч тодорч буй аж" хэмээжээ.
Сануулахад, Өнөөдөр Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн тамга нь АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг сонгогдоход С.Эрдэнэ хүлээлгэн өгч байсан. Улмаар уг тамга нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар сонгогдоход Х.Баттулгад очсон байдаг.
Гэвч С.Эрдэнэ намын даргын сунгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн уг тамгыг хүчингүй болгуулж, өөрөө шинэ тамга хийлгэн авсан байдаг юм.