Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал эхний нэг сард ямар байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Зарим мэдээллийг хүргэе.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 3,900 болж өмнөх оны мөн үеэс 96 буюу 2.4 хувиар буурчээ. Ингэж буурахад,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 90 буюу 78.3 хувь,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 26 буюу 41.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2023 оны нэгдүгээр сард 30,3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 6,5 тэрбум төгрөг болжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
- Учирсан хохирол 78 тэрбум төгрөг буюу 3.6 дахин,
- Нөхөн төлүүлсэн хохирол 32,7 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг хүний тоо 1,5 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 675,3 мянга буюу 77.6 хувиар өсжээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдыг авч үзвэл,
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж 73,8 хувь,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ 15,3 хувь,
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 10.2 хувь,
- Бусад 0,7 хувь болжээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2023 оны нэгдүгээр сард нийт 148,9 тэрбум төгрөгийг олгожээ. Өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулж үзвэл,
- 2022 оны нэгдүгээр сард 77,3 тэрбум төгрөг,
- 2021 оны нэгдүгээр сард 155,5 тэрбум төгрөг,
- 2020 оны нэгдүгээр сард 47 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Инфляцад голлон нөлөөлсөн 10 бараанд гурил, дизелийн түлш, талх, эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг, гурилан боов, бензин, төмс, сүү, пиво, ургамлын тос багтжээ. Инфляц 12.3 хувь болоход,
- Талх, гурил, будааны үнэ жилийн 32.4 хувь өссөн буюу инфляцад 2.2 нэгж хувь,
- Бензин шатахууны үнэ жилийн 15.5 хувь өсөж инфляцад 1.0 нэгж хувь,
- Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 25 хувийг тайлбарлаж байна.