Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай нэр холбогдож буй хэд хэдэн гишүүний нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин юм. Түүний хувьд 2019 онд Хөгжлийн банкны захирлаар зургаан сар ажиллах хугацаандаа бусдад давуу байдал олгож, 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж яригддаг. Эл асуудалтай холбогдуулан тэрбээр дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдад давуу эрх олгон зээл өгсөн гэх худал мэдээлэл сошиалд хөвөрч байна. Миний хувьд дур мэдэн зээл олгосон удаа байхгүй.
“Вертекс Майнинг Партнерс” компани нь хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй байсан бөгөөд 70 тэрбумын барьцаатайгаар 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Хөгжлийн банк нь экспортыг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой. Вертекс Майнинг Партнерс компани нь уурхай дээр хөрс хуулалт хийж үйл ажиллагаа явуулдаг. Тус компани үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө дандаа гадны тэр дундаа Хятад компаниуд Монголд хөрс хуулалт хийдэг байсан. Үндэсний компаниудаа дэмжиж, улсынхаа баялгийг экспортолж буй бүтээн байгуулалтад оролцуул гэх Засгийн газрын бодлоготой Вертекс Майнинг Партнерсийн үйл ажиллагаа нийцсэн. “Вертекс Майнинг Партнерс” компани нь зээлээ хугацаанаас нь өмнө 10 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан.
“Вертекс Майнинг Партнерс” компанийн зээл нэг сарын хугацаанд судлагдаж олгогдоогүй. 4-5 сар судлагдаж байгаад 2020 онд олгогдсон зээл. Тус компанид олгогдсон зээлийг эрсдэлтэй гэж дүгнэсэн. Гэхдээ эрсдэлгүй зээл гэж байдаггүй.
2019 онд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын хурал дээр Хөгжлийн банкны нөхцөл байдлыг танилцуулж, олгогдсон зээлийн 40-50 хувь нь төлөгдөхгүй байна, барьцаагүй олгогдсон зээлүүд ч байна гэдэг мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлж байсан. Миний удирдлага дор анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүгэл үлээсэн. Гэвч тэр үед хангалттай олны анхааралд орж чадаагүй, массыг хамарч энэ хэмжээнд хүрээгүй" гэлээ.