Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдож, нэг талаас Ардчилсан намын даргад Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр гаргасан өргөдөл, С.Эрдэнийн талаас Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр гаргасан өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан бид Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяртай намын даргын бүртгэл тойрсон асуудлаар ярицлаа.
-Өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан нам хоёр талд намын даргын сонгуулиа хийж Л.Гантөмөр, Д.Ганбат нарын материалыг УДШ-д зэрэг шахуу хүргүүлж намын даргад бүртгүүлэх өргөдлөө гаргасан. Өнөөдөр Дээд шүүх танай намын асуудлыг хэлэлцэж хууль ёсны даргаар хэнийг бүртгэх нь анхаарал татаж буй. Та Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх өргөдлийг намаа төлөөлж Дээд шүүхэд гаргасан шүү дээ. Хууль ёсны даргаар Л.Гантөмөрийг УДШ бүртгэх болов уу?
-Би бүртгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Яагаад гэхээр өмнө нь байсан маш олон эргэлзээтэй нөхцөл байдлууд арилсан. Тухайлбал, Ардчилсан нам даргатай, даргагүй гэдэг маргаан урт хугацаанд янз бүрийн байдлаар үүсэж ирсэн. Улсын Дээд шүүх өнгөрсөн оны 9 дүгээр сарын 27-ны хуралдаанаараа дээрх асуудалд цэг тавьж өгсөн. Үүнтэй холбогдуулан миний зүгээс дээд шүүхийн шийдвэрийг буруу ойлгосон байж магадгүй гэж үзэн ҮБХ-ны 100 гаруй гишүүдийнхээ хамтаар Дээд шүүхэд албан ёсоор хүсэлт тавьсан байдаг.
Үүндээ "Танай 9-р сарын 27-ны өдөр гаргасан Ардчилсан нам одоогоор даргагүй гэдэг шийдвэрийг чинь юу гэж ойлгох юм бэ. Зөвхөн цахим санд даргагүй гэж ойлгох юм уу, ерөөсөө даргагүй болчихсон гэж ойлгох юм уу" гэж бичсэн. Тайлбарыг УДШ маш тодорхой ирүүлсэн. Тодруулж хэлбэл, Ардчилсан нам одоогоор ямар ч даргагүй. Цаасан дээр ч, цахим дээр ч дарга байхгүй юм байна гэж ойлгох нь зүйтэй гэсэн байсан. Тиймээс бид Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Ардчилсан намын УИХ дахь бүлгийн гишүүд, ҮБХ-ны гишүүд болоод удирдлагын түвшинд байгаа бүх хүмүүс оролцож Их эвлэрлийн хурал гэж хийгээд журмаа шинэчлээд даргаа сонгосон юм. Одоо будилаан байхгүй.
"Намын дарга байхгүй гэж үзсэн байхад тамга бол ямар ч ач холбогдолгүй зүйл"
-Намын даргын асуудлыг дагаад тамганы хэрүүл өнгөрсөн хугацаанд бас тасарсангүй. С.Эрдэнэ өөрийгөө хууль ёсны гэж цоллоод, жинхэнэ тамга надад, хуурамч тамга бусдад бий гэх тайлбарыг ам нээх болгондоо хэлж ирсэн. Эл асуудал мөн л Улсын Дээд шүүх намын даргад бүртгүүлэхээр нэр нь оччихсон байгаа хоёр хүний аль нэгийг нь бүртгэчихвэл С.Эрдэнэд байгаа тамга хүчингүй болно гэсэн үг байх. Шинээр тамга хийх үү?
-С.Эрдэнэ даргын хувьд тамга ярьдаг. Л.Гантөмөрт тамга байхгүй, Ч.Өнөрбаярт тамга байхгүй, зөвхөн надад тамга байна гэж. Дээд шүүхийн улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт ороод тамга гэрчилгээний асуудлыг шаардахаа больсон. Энэ үндэслэлтэй.
Өнөөдөр намын дарга байхгүй гэж үзсэн байхад тамга бол ямар ч ач холбогдолгүй зүйл. Учир нь намыг итгэмжлэлгүйгээр дарга төлөөлдөг болохоос биш тамга төлөөлдөггүй. Тиймээс тамга дангаараа намыг төлөөлдөггүй учраас хууль зүйн хувьд ач холбогдолгүй. Дээр нь Дээд шүүхийн бүртгэлийн журмаар улс төрийн нам татан буугдаж байгаа тохиолдолд буюу үйл ажиллагаагаа зогсоож байгаа тохиолдолд тамга шаардах юм билээ. Энэ нь бас үндэслэлтэй
Улс төрийн үйл ажиллагаа нь зогсчихоод байхад намын тамгыг хаа нэг газар хэн нэгэн ашиглаад яваад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Ардчилсан нам татан буугдаагүй учраас тамга заавал шаардлагатай зүйл биш.
Үүнээс гадна Ардчилсан намыг албан ёсоор төлөөлөх этгээд гэж зүйрлэж хэлбэл, компанийн гүйцэтгэх захирал огцорчихсон байлаа гэхэд ТУЗ нь төлөөлөөд хамтарч хуралдаад шийдвэрээ гаргаад явдагтай адил өнөөдөр Ардчилсан нам даргагүй ч гэсэн ҮБХ нь намынхаа өмнөөс холбогдох шийдвэрүүдийг гаргах эрхтэй байдаг.
Өнгөрсөн оны 3-р сарын 31-ны өдөр Дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилсан намын үндсэн дүрийн нэмэлт өөрчлөлтөөр Ардчилсан намын ҮБХ нь намын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага болж хувирсан. Энэ хүрээнд бид дотоо маргаантай асуудлаа хууль дүрэмд нийцүүлээд ҮБХ шийдвэрлэсэн гэж ойлгох ёстой. Үүнд АН-ын ҮБХ-ны гишүүд биечилж оролцсон. Цахимаар огт оролцоогүй. Намын шинэ даргаа сонгохын төлөө бүгд нэгдэж хичээсэн. Дээр нь манай намын УИХ дахь бүлгийн гишүүдийн дийлэнх нь буюу 10 гишүүн оролцсон. Тэгэхээр төр талаасаа ч, нам талаасаа ч төлөөлөл нь хангагдсан гэсэн үг.
Миний хувьд Ардчилсан намыг төлөөлж удаа дараагийн УИХ-ын нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд төрийн холбогдох байгууллагуудад нэр дэвшиж бүртгүүлэхээс авахуулаад төрийн байгууллагатай албан ёсоор харилцаж байсан. Тэр утгаараа би Ардчилсан намын ЕНБД-ын хувьд шинэ даргыг сонгох хуралд биечлэн бүх талаасаа дэмжиж оролцсон.
Мөн таны саяын хэлснээс шинэ сонгогдсон намын дарга болох Л.Гантөмөр даргыг дээд шүүхэд бүртгүүлэх асуудлыг надад хариуцуулж ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хариуцуулсны дагуу бид гурав хууль номын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж Дээд шүүхэд өгсөн. Одоо ямар нэгэн байдлаар дээд шүүх дээр хууль болон дүрмийн хувьд маргах зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тиймээс өнөөдөр болох Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын даргад Л.Гантөмөрийг бүртгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
"Ардчилсан нам сул байх нь МАН-д ашиггүй"
-УДШ-ийн шийдвэрийг дан ганц танай намынхан ч биш, улс төрийн хүрээнийхэн мөн олон нийтээс ч анхаарал хандуулж хүлээж байна. Ялангуяа өнгөрсөн хугацаанд АН улс төрийн сөрөг хүчний үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн. Нэг толгойтой нам болж үндсэн үүргээ биелүүлж сонгуульд бэлдэхээс өөр хугацаа ч байхгүй боллоо шүү дээ?
-Том зургаар нь харах юм бол Монгол Улс сөрөг хүчингүй болбол ямар байдалтай болох вэ гэдгийг бүгдээрээ харлаа шүү дээ. Парламентад суудалтай намуудын нэр хүнд өөрөө юу болж хувирав. Үүнийг дагаад ард түмний нуруун дээр ирж байгаа ачаа юу болж хувирсныг бүгд мэднэ. Эцсийн бүлэгт Ардчилсан Үндсэн хууль амь бөхтэй байхгүй бол улс төрийн дархлаа өөрөө парламентад суудалтай улс төрийн намуудын хүчний бодит харьцаан дээр тогтдог учраас нэг нам дангаараа үнэмлэхүй оршсон тохиолдолд ямар зовлон нүүрлэдгийг бид харж байна.
Нөгөө талаар төр өөрөө ямар ч чадамжгүй болж хувирч, хяналтгүй болж байгааг бас харцгааж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Ардчилсан нам сул байх нь МАН-д ч ашиггүй. Харин МАН, АН сулрах нь өөрөө Монгол Улсад ашиггүй юм. Сүүлдээ парламент нь хэврэг болно. Бид өөрсдөө ямар том гүрнүүдийн дунд байдаг билээ. Товчхондоо Монголын нийтлэг эрх ашиг хөсөр хаягдана. Иймээс аль ч утгаараа сөрөг хүчин босож өндийх цаг ирсэн. Манай нам ч үүргээ гүйцэтгэх цаг болсон.
-Хэрвээ та бүхний хүсэн хүлээж байгаа шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргах боломжгүй гэж үзвэл яах вэ? нөгөө талаас С.Эрдэнэ өөрийгөө хууль ёсных гэдэг байр сууриа илэрхийлсээр байх болов уу. Хэрвээ ийм зүйл болбол дараагийн нүүдэл нь юу байх вэ?
-Улсын дээд шүүх бүртгэхээс өөр аргагүй. Үүнд эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл Ардчиллын зарчим бол олонхоороо асуудлыг шийддэг. Өнөөдөр С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хүнийг АН-ын дарга гэж үзэхгүй гэдэг Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан. Тэгэхээр хэн нэг этгээд өөрийгөө АН-ын дарга гэж нэрлээд явахаар асуудал шийдэгдэхгүй. Өөрийгөө өргөмжлөөд хууль, дүрэм, Дээд шүүхийн гаргасан шийдвэрийн дээгүүр алхдаг байж болохгүй. Энэ бол зарчимгүй асуудал. Манай намын гол зарчим хуулийн засагтай Монгол улс байх. Тэгэхээр энэ зарчмаар л баримтална. Хоёрдугаарт бүх хүний учрыг олдог Ардчилал гэж байдаггүй. Тэгэх ч боломжгүй. Заавал олонх, эсвэл цөөнх гэж бий.
"Өнгөрсөн хугацаанд хэдэн хэсэгт тарсан намын гишүүдээ С.Эрдэнийн талд явсан, Х.Баттулгын талд явсан гэж ад үзэхгүй. Тэд бидний л нэг хэсэг"
-Тэгвэл УДШ Л.Гантөмөрийг АН-ын даргад албан ёсоор бүртгэлээ гэж үзэхэд танай нам ямар өөрчлөлтүүдийг хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн бэ?
-Бүртгэлээ гэхэд бид өнгөрсөн хугацаанд хэдэн хэсэгт тарсан намын гишүүдээ С.Эрдэнийн талд явсан, Х.Баттулгын талд явсан гэж ад үзэхгүй. Тэд бидний л нэг хэсэг учраас нээлттэйгээр ойлголцож хамтран ажиллах болно.
Нөгөө талдаа парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэж Монгол Улсаа босгож ирнэ. Улстөржилт гэдэг зүйл тогооноосоо хальж болдоггүй. Хэчнээн улстөржлөө гэхэд Монголын эрх ашгийн эсрэг явдаг байж таарахгүй. Бүх улс төрийн намууд Монголын нийтлэг ашиг сонирхолд захирагдах ёстой. Монголын ашиг сонирхолд хортой байвал хэн нь ч түүнийг шүүмжилж зогсоох чадалтай байх ёстой. Үнэхээр нийтлэг эрх ашгийн төлөө бол хэнтэйгээ ч ойлголцож чаддаг байх нь чухал. Тиймээс энэ зарчмаар Ардчилсан нам ажиллах болно гэдгийг хэлье.
Б.Мягмарсүрэн