Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Батырбек: Ч.Хүрэлбаатар сайдын сонсгол дээр ярьсан зүйлс тоо баримтын хувьд зөрж байна

Огноо
Унших
6 минут 15 секунд

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбекээс УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголын үеэр яригдсан зарим асуудлаар тодруулга авлаа.

- Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт одоогоор 1,1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс тал хувийг нь буюу 650 тэрбум төгрөгийг нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байх үед тус яаманд шилжиж ирэхэд төлөгдсөн дүн гэж хэлсэн. Үнэхээр сангийн яам руу шилжсэнээс хойш Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт эрчимжсэн юм уу?

- Өчигдөр Эдийн засаг Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн ₮650 тэрбумын эргэн төлөлт хийсэн компаниудыг бид судалсан. Тодорхой мэдээлэл өгөх зорилгоор зарим нэг баримтыг жишээ болгож ярья л даа. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар сайдын сонсгол дээр мэдүүлснээр “Кью Эс Си” ХХК-ыг Н.Мөнхсүх гүйцэтгэх захирлын үед буюу 2020.05.07-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ярьсан. Гэтэл тухайн мэдээллийг баримтад тулгуурлан шалгахад Г.Амартүвшин захирлын үед буюу МУХБ-аас 2019.11.20-нд шүүхэд өгсөн байна. Мөн “Монгол мах экспо” ХХК-ийн нэхэмжлэлийг 2020.06.02-нд гаргасан гэж мэдүүлсэн ч тухайн нэхэмжлэл нь 2019.12.20-нд Г.Амартүвшин захирлын үед шүүхэд өгсөн нь нотлогдсон гэхчлэн мэдээллүүдийг шалгахад ташаа болох нь нотлогдоод байна. Н.Мөнхсүх захирлын үед шүүхэд өгсөн жагсаалтад оруулаад байгаа “НВЦ” ХХК, “Хөтөл” ХХК, “Газ импорт” ХХК, “Пи Си Вай” ХХК-ийн нэхэмжлэлийг ч мөн 2022 онд Н.Мандуул захирлын үед шүүхэд өгсөн байдаг.

Тоймлоод хэлбэл,

  • Г.Амартүвшин захирал 8 зээлийг шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийн хэмжээ ₮81 тэрбум
  • Б.Батбаяр захирлаар ажиллаж байх үед 8 зээлдэгчийн асуудлыг шүүх рүү шилжүүлсэн. Нэхэмжилсэн хохирлын хэмжээ ₮418 тэрбум,
  • Н.Мөнхсүх захирлын үед 7 зээлийг шүүхэд өгсөн. Нэхэмжилсэн хохирлын хэмжээ нь ₮252 тэрбум,
  • Н.Мандуул захирал ажлаа авснаас хойш 20 зээлийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд нэхэмжилсэн хохирлын нийт дүн ₮925 тэрбум.

Он дарааллаар нь харвал Ч.Хүрэлбаатар сайдын яриад байгаа шиг Н.Мөнхсүх захирлын үед ₮650 тэрбумын зээл эргэн төлөгдсөн байх боломжгүй. Учир нь шүүхэд өгсөн хэргийн тоо, нэхэмжилсэн дүн ₮252 тэрбумаар хэмжигдэж байна. Өнөөдрийн байдлаар Б.Батбаяр захирлын үеэс хойш хэдэн зээл төлөгдсөн, төлөгдөөгүй гээд нарийвчлаад харахаар илүү тодорхой баримт мэдээлэл гараад ирнэ. Хамгийн сүүлд Н.Мөнхсүх захирлын үед шүүхийн байгууллага руу шилжүүлсэн 7 зээл байгаагаас одоогийн байдлаар ₮26,9 тэрбумын зээл эргэн төлүүлжээ. 2020 оны 4-р сараас 2021 оны 8 сарын 3-ны хооронд буюу Н.Мөнхсүх захирлын үед нийт зээлүүд нь 237.1 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн. Үүн дотроо саяын яригдаад буй 17 зээлтэй холбоотойгоор ₮34,1 тэрбумын зээл эргэн төлөгдсөн байна. ₮650 тэрбум биш. Тэгэхээр үлдсэн нь төлөгдөөгүй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар тухайн үеийнхээс нэг зээл нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Бусад зээл нь одоо хүртэл явж байгаа буюу Н.Мандуул захирлын үед асуудал нь шийдэгдээд явж байгаа гэж ойлгож болно.

- Тэгэхээр Ч.Хүрэлбаатар сайдын сонсгол дээр хэлсэн шиг 650 тэрбумын зээлийн эргэн төлөлт нь түүний сайд байхдаа хийсэн ажил гэдэг нь худлаа гэсэн үг үү?

- Би нотолгоо баримттай мэдээлэлд тулгуурлаж л энэ зүйлийг ярьж байна. Гэтэл тэр хүн ямар мэдээлэл, баримтад тулгуурлаж тийм зүйл ярьсныг мэдэхгүй. Баримт, нотолгоог шинжээд үзэхээр Ч.Хүрэлбаатар сайдын ярьж хэлсэн зүйлс тоо баримтын хувьд зөрөөд байгаа юм. Банкин дээр байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, нэхэмжлэл гарсан огноо, холбогдох шүүхэд хандсан бүх бичиг баримтаа үзэхээр саяны миний хэлсэн зүйлс байж байгаа. Нэг ёсондоо чанаргүй 23 зээл дээр нэмээд Н.Мандуул захирал ажлаа авснаас хойш 20 зээлийг шүүх, шүүхийн байгууллага руу шилжүүлсэн. Эдгээр чанаргүй зээлүүдээс өнгөрсөн оны байдлаар нийт ₮1 их наядыг нь эргэн төлүүлж чадсан.

- Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын хувьд Ч.Хүрэлбаатар сайдыг Сангийн яаман дээр ирснээс хойш Хөгжлийн банктай холбоотой хяналт шалгалтын дүнг “гацаасан” гэж тайлбарлаад байгаа. Үүн дээр та ямар мэдээлэл хэлэх вэ?

- Гацаасан гэдэг дээр сайн мэдэхгүй юм, Ч.Хүрэлбаатар сайд өчигдөр сонсгол дээр тайлбараа хэлж байх шиг байсан. Хөгжлийн банканд үе үеийн Засгийн газар, Монголбанк, Үндэсний аудитын газраас шалгалтууд хийгдэж байсан. Энэ шалгалтын хүрээнд авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийг тухай бүрд нь хэрэгжүүлээгүй байдаг. Хэрэв тухайн цаг үедээ эдгээр зөрчил, алдаануудыг засаад явсан бол одоогийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж харагддаг.

Хөгжлийн банкны гурван гүйцэтгэх захирлын үеийн шууд зээлийн эргэн төлөлтийн дүн:

Гүйцэтгэх захирал

Шууд зээлийн эргэн төлөлт

Г.АМАРТҮВШИН

206,611,886,259.52₮

Н.МӨНХСҮХ

237,125,181,120.74₮

Н.МАНДУУЛ

1,145,648,494,002₮

Г.Ирээдүй буюу IZ: Хуулийн байгууллага дуудвал зангиагаа зүүгээд, гутлаа тослоод хамгийн цэвэрхэн хувцсаа өмсөөд инээмсэглээд мэдүүлэг өгнө
Г.Ирээдүй буюу IZ: Хуулийн байгууллага дуудвал зангиагаа зүүгээд, гутлаа тослоод хамгийн цэвэрхэн хувцсаа өмсөөд инээмсэглээд мэдүүлэг өгнө
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.