Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрийн үргэлжилж ЖДҮ хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх 50 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалт, үр дүнгийн талаарх компаниудын төслийн санхүүжилт, болоод хэрэгжилттэй танилцлаа.
Үүнд Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрхинхэлхээ" ХК 2013 онд 300 сая төгрөгийн зээлийг Голомт банкаар дамжуулан авсан байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа бөгөөд Хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн хүрээнд дээрх зээлийг ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр авч байжээ.
Улмаар төсөл хэрэгжсэн гэсэн баримт олдоогүй бөгөөд "хугацаа хэтэрсэн" зээлийн ангилалд орж төлөгдсөн байна.
Хөгжлийн банкны эх үүсвэртэй Голомт банкнаас авсан 300 сая төгрөгийн зээлээс бэлэн зарлага 260 сая төгрөг, дотоод шилжүүлэг 40 сая төгрөг гарсан бөгөөд нийт 7 удаагийн гүйлгээгээр бэлэн мөнгө авч Ч.Өлзийбаатар гэдэг хамаарал бүхий этгээдийн данс руу шилжүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ч.Дэлгэрмааг гэрчээр дуудсан ч сонсголд оролцсонгүй. Тэрбээр зээл хүсэх анкетдаа гэр бүлийн байдал хэсэгт нөхөр Ж.Батзандан одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг гэх мэдээллийг бичжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг гишүүн байхад зээл гарсан гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.