Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хот Сирийн зарим хотуудад өчигдөр үүрээр 04:16 цагийн үед 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас 4000 гаруй хүн амь эрсдээд буй. Гэвч энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Одоогоор нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийн тоо 15 мянга гарсан байна.
Тэгвэл уг бүс нутагт манай улсын иргэд байгаа эсэх талаар ГХЯ-наас тодруулахад "БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн бөгөөд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан.
Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын 2 иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна.
Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй болно. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна" гэлээ.