Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Өчигдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын "Сүүтэй" ХХК 138 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн лизинг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Атарчандгана" ХХК 138 сая төгрөгийн санхүүгийн түрээс, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат "Булган буудайн түрүү" ХХК 512 сая төгрөг, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүү А.Баттөгсийн Батдэлгэр Трейд ХХК 434 сая төгрөгийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг авсан гэх мэдээлэл ил болсон.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Атарчандгана" ХХК-ийн авсан санхүүжилттэй холбоотой тайлбар өглөө. Тэрбээр "Шөнө унтаад сэртэл өнөө өглөө түр хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшдэг компаниараа 138 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарсан байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт "Атарчандгана" ХХК байдаг. 1990 оны хувьчлалын үед хувьцааг нь худалдаж авч эзэмшсэн компани. Тэнд хариуцаж байгаа хүмүүстэйгээ холбогдоход "Бид мэдэхгүй. ХХААХҮЯ-наас техник олгодог төсөл хөтөлбөрт хэдэн малчид санал нэгдээд "Атарчандгана" ХХК-ийн нэр дээр техник авья гэсэн. Бид ойлгохдоо яам зуучилсан, лизингийн компаниас трактор, хадлангийн бүрдэлтэй авсан. Хатуу вальюттай, хүү, зээлийг нь цаг тухай бүрт нь төлж барагдуулсан" гэж байгаа. Би хулгайтай тэмцэж буй хүний хувьд тайлбарыг албан ёсоор хэлэхгүй бол болохгүй" гэв.