Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас АСЕМ-ийн автобусны санхүүгийн түрээсийн санхүүжилтийг хэлэлцэж байна.
“Ди Би Эм лизинг” ХХК Сангийн яамтай Улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд дамжуулан зээлдүүлэх санхүүжилтийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, АСЕМ-ын зочдод үйлчлэх зориулалтаар БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 43 автобус нэг бүрийг 126 мянган ам.доллараар нийт 5.5 сая ам.доллараар худалдан авчээ. АСЕМ-ын үйлчилгээнд 14 хоног ашиглагдсан тус 43 автобусыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Сангийн яамны тоот бичгээр нэгж бүрийн үнэлгээг 44 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулж дамжуулан зээлдүүлсэн байна. Энэ нь Өрийн удирдлагын хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй явдал гэж шинжээч үзлээ. Эл 43 автобуснаас “Ди Би Эм лизинг” ХХК-д 40-ийг нь хүлээлгэн өгсөн. Гурван автобусыг хүлээлгэж өгөөгүй тул гэрчээс тодруулах шаардлагатай гэж үзлээ.