Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Монгол Улсын иргэд хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ газрын биржээр дамжуулан явуулж байх зохицуулалт тусгагдсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 49 секунд

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордны “Их Монгол” танхимд болж байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Г.Ганболд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020-2024 онд эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай 7 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлээд байна. Байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд иргэний нийгмийн болон орон нутгийн байгууллагууд, төрийн, орон нутгийн өмчийн бодлого хэрэгжүүлдэг бүхий л институцийн хүрээнд Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн. Учир нь газар бол улсын үндэс юм. Газар шороогүй бол эх орон, тусгаар тогтнол гэж үгүй. Тийм учраас нэгдүгээрт, газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох нь чухал. Хоёрдугаарт, газар бол эдийн засгийн харилцааны суурь, өмчийн харилцааны үндэс юм. Гуравдугаарт, хүн, нийгмийн харилцааны үндэс суурь ч болно. Энэ бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох суурь харилцааг зохицуулдаг чухал хууль.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх шинэчлэх цаг үе, нийгэм, эдийн засгийн шаардлага тулгараад байна. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэх гэж байгаа" хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Одоогийн байдлаар 370 гаруй субьект газар олгох шийдвэрийг гаргаж байна. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байна. Иймд энэ байдлыг өөрчилж, иргэд, олон нийтийн саналыг тусган боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу Газрын мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруултын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны байгууллагын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар 7 дэд систем, 2 мэдээллийн сан бүхий Газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, газрын төлөв байдал, чанарыг хянах, нөхөн сэргээх, хамгаалах газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр газрын эрх олгох үйл ажиллагааны шат дамжлага, хүнд суртал багасаж, улс төр, ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргах, гарсан шийдвэр ил тод болж, тэр болгонд иргэд хяналт тавих нөхцөл бүрдэх юм.

Шинэчилсэн хуулийн төсөлд газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрыг хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг зохицуулахаар тусгасан.

Мөн цахим үйл ажиллагаатай газрын биржийг байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгосноор газрын хууль бус, далд арилжааг зогсоож, татварын бааз суурийг өргөжүүлэн газар, үл хөдлөх эд хөрөнгөөс улсын төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэх юм. Монгол Улсын иргэд хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ, түүнээс гадна иргэн, хуулийн этгээд газрын хязгаарлагдмал эрхээ дуудлага худалдаагаар худалдах зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх, тэрхүү үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, хараат бус байх зохицуулалтыг шинээр тусгасан. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан Газрын нэгдмэл санг газар ашиглалтын зориулалтаар нь нарийвчлан тооллого хийж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг Кадастрын тухай хуулийн төсөлд тусгасан.

Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаатай уялдан улсын тусгай болон нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн болон эзэмшил, ашиглалтад байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасан Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Газрын багц хууль батлагдсанаар газрын нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтыг хийх эрх зүйн цогц орчин бүрдэх, газар олгох, бүртгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэйгээр зохион байгуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, төрийн өмчийн газрыг иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлж иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах, нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхийг олгох нөхцөл бүрдэнэ. Мөн газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж газрын маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн хуулийн этгээдэд нөхөн олговор олгох эрх зүйн орчин, боломжийг бүрдүүлэх, газрын төлөв байдал чанарт хяналт тавьж, газрын ашиглалт, хамгаалалт бэлчээрийн менежмент сайжирна" гэлээ.

ДУЭЛЬ: Б.Энхбаяр VS Ч.Хүрэлбаатар
ДУЭЛЬ: Б.Энхбаяр VS Ч.Хүрэлбаатар
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.