“Улаанбаатар төмөр зам”-ын эрх бүхий албан тушаалтны гэр, хамаарал бүхий этгээдийг шалгахад зөвхөн гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон талаар цахим орчинд шуугиад байгаа билээ.
Тэгвэл 7.3 тэрбум төгрөгийн эзэн холбогдогчоор шалгагдаж байгаа УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга бөгөөд Захиран хуваарилах хэлтсийн дарга С.Батдөл нь өмнө нь ч гэмт хэрэгт холбогдож, ял сонсож байсан этгээд аж. Түүний хэрэгт холбогдож байсан баримт нь шүүхийн шийдвэрийн цахим санд байдаг юм байна.
Мөн УБТЗ ХНН-ийн Худалдааны албаны орлогч дарга Б.Ганхөлөг гэгч нь мөн л хууль зөрчиж, хэрэгт холбогдон ял эдэлсэн этгээд. Холбогдсон хэргээс нь харвал энэ хүн яавч хариуцлагатай албан тушаалыг хаших хүн биш гэдэг нь харагдана. Тэрбээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, ашиглан, шамшигдуулаад зогсохгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж байжээ.
Ял эдэлсэн байдлаас нь харвал, 1998 онд Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 90.1-т зааснаар 2 жил, 1999 онд Эрүүгийн хуулийн 123.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, ашиглан, шамшигдуулсан хэргээр 1.5 жил, 2014 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар 3 жилийн ял сонссон энэ этгээд эдүгээ УБТЗ ХНН-ийн Худалдааны албаны орлогч даргаар ажиллаж байна.
Энэ мэтчилэн гэмт хэрэгтнүүд УБТЗ ХНН-ийн эрх бүхий албан тушаалд томилогдчихоод яваа нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд албан байгууллагад нь гэмт этгээдүүд үүрлэчсэн, албан тушаал хашсан хэвээр байгааг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Х.Хэрлэн мэдэж баймаар.
Тодруулбал, Олонд мэдэгдсэн нэр бүхий ганц хоёр хүнтэй холбогдсон хэргийг илчиллээ.Цаашид хуулийнхан шалгалтын ажлаа эрчимжүүлж, гэмт хэрэгтнүүд үүрлэсэн эсэхийг тогтоолгох цаг болсон юм биш үү, дарга аа.
Редакцын бус нийтлэл