УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болсон.
Хоригтой холбоотой асуудлаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр хуульд тавьж буй хоригийн хууль зүйн үндэслэлийн талаар Ерөнхийлөгчийн хууль зүйн зөвлөх н.Бямбажаргал "Хуулийг өргөн барьснаас хойш хоёр хоногт эцэслэн баталсан явдал нь хуулийн төслийг боловсруулах улмаар хэлэлцэн батлах хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүйгээс гадна Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан иргэний нийгмийн байгууллага, бусад хуулийн төслийн талаар саналаа хууль санаачилагчид уламжилна" гэх заалт мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн наймдугаар зүйл ангид заасан заалтуудыг зөрчсөн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэх зарчмыг зөрчиж байна.
Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш таван өдөрт багтаан хуульд хориг тавих боломжтой байдаг. Ажлын тав хоногт багтаан гэж үзвэл хоёрдугаар сарын 1-ний өдөр хуульд хориг тавих сүүлийн хугацаа дуусч байгаа юм. Хуулийн дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох бүрэн эрхэд халдах байдлаар хуулийг зохицуулсан байгааг хэлье" гэлээ.