УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" тав дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Уг сонсгол нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.
Өчигдөр "Шинэ Яармаг" ХХК-тай холбоотой зээлийн асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга гэрчээр дуудагдсан боловч ирээгүй. Мөн өнөөдөр "Пирамид орд" ХХК-ийн зээлийн асуудлаар гэрчээр дуудагдаад байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны Хянан шалгах хороонд бичгээр өргөдөл өгчээ. Өргөдөлдөө "Гэрчээр дуудан оролцуулах мэдэгдэл хүлээн авсан. Миний бие дараах үндэслэлээр оролцох боломжгүй.
Нэгдүгээрт, АН-ын дотоод сонгуультай холбоо үйл ажиллагаа эхлэн өрнөж байгаа тул намын дүрмийн дагуу сонгуулийн ажиллагаанд Намын даргын хувьд зайлшгүй хяналт тавих ёстой байдаг. Энэ явц 2023 оны 1 сарын 18-наас 20-ны өдрүүдэд болж байгаа тул давхцаж байна.
Хоёрдугаарт, Миний бие "Пирамид Орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болохгүйн үүднээс энэ хэрэгтэй холбоотой асуудлаар мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан байгаа тул холбогдох асуудлаар биечлэн оролцож мэдүүлэг өгөх боломжгүй" гэжээ.