Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Изинис эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих төслийн санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 22 тэрбум 915 сая төгрөгийн зээл авчээ.
Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд иргэн Т.Эрдэнэ 70 хувь, иргэн Э.Золзаяа 30 хувийг тус тус эзэмшдэг байна. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын хамаарлыг харахад, 30 хувийн хувьцааг эзэмшиж буй Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, харин 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү гэх мэдээллийг сонсголын үеэр Э.Золзаяа хэлсэн юм. Мөн Т.Эрдэнэ нь "Сарнайх" ХХК-ийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд эл компани нь Б.Хурцын эхнэрийн компани аж.