Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг нийслэлийн цагдаа, дотоодын цэргийн 25 алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах батламж гардууллаа. Тэгвэл тэдний дотор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын үйлчлэгч Б.Гансүх багтсан бөгөөд тэрбээр,
Сүүлийн есөн жил байгууллагадаа ажиллаж байна. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Орон сууцанд орох мэдээг сонсоод гэр бүлийнхэн маань хамгийн их баярласан. Нөхөр маань өглөө хүргэж ирээд, одоо ч батламжаа аваад гарч ирэхийг минь гадаа хүлээж байгаа. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа удирдлагадаа, мөн Нийслэлийн Засаг даргад баярлалаа. Ажлаа урамтай, сайн хийх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэвжих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон залуугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэх үйлсэд нь амжилт хүсье” хэмээн онцолсон юм.