Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбогдуулан иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан нь ил болсон. Гэвч үүний учир шалтгааныг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тиймээс энэ талаар болон бусад асуудлаар БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшинтэй ярилцлаа.
-Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдуулан төрийн мэдээллийн хэд хэдэн санг ашиглан хамрагдах боломжтой хүүхдүүдийн судалгааг гаргасан. Гэвч хувь хүний мэдээлэл цахим платформууд дээр зөрчилтэй гарч ирж байгаа. Тиймээс энэ нь юунаас үүдэлтэй мөн ямар, ямар мэдээлийн сан ашиглагдсан талаар ярилцъя?
-Хамгийн эхний ойлголт бол "Сан"-гийн талаар сайтар ойлгох хэрэгтэй болоод байгаа юм. Бид маш олон төрлийн санг ашигладаг. Цэргийн бүртгэлийн сан, тэтгэврийн сан, зээлийн сан гэх мэтчилэн олон сан бий. Эдгээрээс таван төрлийн санг нэгтгэн хүүхдийн мөнгийг олгох айл өрхийн судалгааг гаргасан. Үүний үндсэн дата мэдээллийн сан нь "Хүн ам, өрхийн мэдээллийн сан" юм.
Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас мэдээллийг татаж, хүүхдийн мөнгө олгохоор болсон. Түүнээс гадна хүүхдийн мөнгө нь "Халамж" юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй болоод байна. Мөн иргэдийн зүгээс үүнийг "Улсын бүртгэлийн сан"-тай андуураад байна. Улсын бүртгэл нь ямар ч хөдөлгөөн байдаггүй. Иргэдэд мэдээлэл өгөхөд,
- Нэгдүгээрт, Харъяатын ойлголт. Энэ нь улсын бүртгэл дээр бүртгэлтэй байдаг.
- Хоёрдугаарт, Оршин суугч гэдэг ойлголт. Энэ нь таны хаана амьдарч байгаагаас шалтгаална.
- Гуравдугаарт, Өмчийн эзэн. Эдгээр ойлголтыг иргэд хамгийн сайн ойлгох хэрэгтэй.
-Иргэд мэдээллээ шалгахаар өөрийн нэр дээр олон хүүхэдтэй болчихдог эсвэл бүр хүүхэдгүй болчихсон ч тохиолдол байгаад байна. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол өрхийн мэдээлэлтэй холбоотой. Жишээлбэл, нэг байранд 2-3 айл эсвэл нэг хашаанд 4-5 айл амьдарч байж болно. Эдгээр айлууд бол тус тусдаа өөр өрх. Гэтэл хүн амын өрхийн мэдээллийн сан нь өрх дээр тулгуурлаж байгаа. Мөн нэг хаяг дээр хамт байдаг хүмүүсийн мэдээлэл нэгтгэгдсэн байна гэсэн үг. Тиймээс би гэдэг ойлголт огт байхгүй. Бид гэдэг ойлголт байгаа юм.
Тухайлбал, И-Монголиа системээр ороод шалгахаар таны нэр дээр хэд хэдэн автомашин, хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Гэхдээ энэ бол өмчлөлийн асуудал огт биш. Тантай хамт нэг хаяг дээр амьдарч байгаа эсвэл өмнө нь амьдарч байгаад шилжилт хөдөлгөөн хийлгээгүй хүмүүс хамт харагдаж байна гэж ойлгож болно.
Тиймээс миний өмнө хэлсэн хоёр дахь ойлголт буюу "Оршин суугч"-ийн ойлголт нь үүнтэй хамааралтай болоод ирж байгаа юм. Жишээлбэл, Оршин суугч маань хэнтэй бүл болж амьдарч байсан гэдгээ мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, таны гэрт ах дүү, хамаатан садан нь хамтран амьдарч байсан хэдий ч шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй, мөн бусад шалтгаанаас үүдсэн байдаг гэж ойлгож болно. Та хаана ч амьдарсан нийгмийн бүхий л үйлчилгээг авахдаа түр оршин суугчийн тодорхойлолтыг хорооноосоо авдаг шүү дээ. Хороо таныг энд оршин сууж байгаа гээд тэмдэглэж авдаг.
Жишээлбэл, оюутнууд оюутны карт, үнэмлэх захиалахдаа хорооноос түр оршин суугчийн тодорхойлолт авдаг. Гэтэл түр оршин суугчийн мэдээлэл нь хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэгддэг. Ингэснээр та тэр өрхийн гишүүн болсон гэсэн үг. Тиймээс тухайн өрхийн хүүхдүүд тан дээр харагдаад байгаа юм. Түүнээс биш тэдгээр хүүхдүүд таны хүүхэд болчихсон зүйл огт биш.
-Зарим эцэг эхчүүд надтай огт хамааралгүй хүүхэд над дээр бүртгэгдчихсэн байна. Огт танихгүй хүүхэд гараад ирлээ гэх мэдээлэл өгч байгаа эцэг эх ч байна. Энэ яг ямар тохиолдол гарч ирээд байгаа юм бэ?
-Дээр хэлсэнчлэн өрхийн ойлголт л яваад байгаа юм. Яагаад танихгүй хүүхэд танай өрх дээр бүртгэгдсэн бэ гэдэг нь дараах шалтгаантай. Тухайлбал,
- Өмнө нь тухайн хаяг дээр амьдарч байсан хүмүүс нь шилжилт хөдөлгөөн огт хийлгээгүй байдаг. Жишээлбэл, Та магадгүй байр худалдаж авлаа гэж бодоход байрны эзэн нь иргэний шилжилт хийлгэсэн ч өрхийнхөө шилжилтийг хийлгээгүй байдаг. Энэ тохиолдолд хуучин амьдарч байсан хүн нь тухайн хаяг дээрээ үлдчихсэн байна гэсэн үг.
- Гэрийн эзэн эсвэл эзэгтэй санаатай болон санамсаргүйгээр хэн нэгнийг хаяг дээрээ бүртгүүлчихдэг. Жишээлбэл, "Нөхрийнх нь найз нь хүүхдээ танай хаяг дээр шилжүүлээд сургууль, цэцэрлэгт өгөх гэсэн юм" гээд хаяг дээр нь очдог. Гэтэл түүнийг эхнэр нь огт мэдээгүй байдаг. Ийм жишээнүүд маш их байгаа. Үүнээс шалтгаалаад манай өрх дээр танихгүй хүн гараад ирэх тохиолдол гарч байгаа юм.
Энэ тохиолдолд төрийн ямар нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан энэ мэдээллийг өөрчлөх, хасалт хийх ямар ч боломж байхгүй. Харин иргэний өөрийн хүсэлтээр хийгдэж болно.
-Хорооноос иргэдийн мэдээлэл зөрүүтэй байгаа талаар ямар нэг мэдээлэл өгдөг үү?
-Бид хувь хүний мэдээллийг шууд харах боломжгүй байдаг. Учир нь иргэний бүртгэлтэй холбоотой буюу сонгууль өгдөг, эд хөрөнгө бүртгэдэг, гэрлэлтээ батлуулдаг, хүүхдээ нэр дээрээ авдаг гэх зэрэг улсын бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл нууц байдаг. Түүнээс гадна өрхийн мэдээллийг ч мөн би ороод үзэж болохгүй. Харин тухайн иргэний зөвшөөрлөөр үзэж болно. Тиймээс тухайн иргэн мэдээллээ засуулахаар хүсэлт өгвөл газар дээр нь шууд засаж өгнө.
Мөн хэсгийн ахлагч нар маань байнга өрхийн мэдээллийг авдаг. Энэ нь өрхийн дэвтэртэй холбоотой ойлголт юм. Өрхийн дэвтэр гэдэг бол хорооны Засаг дарга таны мэдээллийг аваад сонгуульд ашигладаг зүйл огт биш.
Өрхийн мэдээллийн санг айлуудаас авах их төвөгтэй байдаг. Энэ сан нь тэр бүр ашиглагдаад байдаггүй сан. Харин төрийн хэмжээнд ашигладаг. Статистик, тоон мэдээлэл гаргахад л ашиглагддаг. Хүн амын өрхийн мэдээллийг гаргахад зориулагдсан байдаг. Жишээлбэл, манай хороонд хэчнээн өрх амьдарч байна, хэчнээн автомашин байна гэдгийг судалж гаргаж ирдэг. Үүгээрээ дамжуулан Засаг даргад олгогдсон 22 эрх, таван үүргийнхээ дагуу судалгаа гаргаж, манай хороонд нийт хичнээн машины зогсоол хэрэгтэй байна гэдгээ тодорхойлж, дээд шатны байгууллагад мэдэгддэг байсан. Угтаа энэхүү өрхийн мэдээллийн сан нь маш том дата мэдээллийн сан.
Гэтэл айлуудаас өрхийн мэдээлэл авахад хүндрэл тулгардаг гэж хэлсэн шүү дээ. Үүнийг тайлбарлах хамгийн энгийн жишээ бол, нохой, муурны буюу гэрийн тэжээмэл амьтны мэдээлэл авах. Гэтэл нохой, муурны татвар авах ёстой гээд хуульд заачихсан учраас тухайн иргэн маань татвар төлөхгүйн тулд худлаа мэдээлэл, нохойгоо мэдүүлдэггүй. Үүнээс үүдэн статистик буруу гарна.
-Өнөөдрийн байдлаар эцэг эхчүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тохиолдолд л зөвлөгөө авахаар, мэдээллээ нягтлуулж, засуулахаар ирж байна. Уг нь хүүхдийн мөнгө болон бусад үл хөдлөх хөрөнгө, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээлэл алдаатай байсан, байгаагүй ч асуудал гарвал хороондоо хандах ёстой. Ер нь иргэд яг ямар, ямар тохиолдолд ирж үйлчилгээ авах ёстой байдаг вэ?
-Хороо гэдэг бол иргэдэд үйлчилгээ үзүүлэх хамгийн анхан шатны төрийн байгууллага. Тиймээс ямар ч нөхцөлд иргэд хамгийн түрүүнд хороондоо ханддаг. Дан ганц хүүхдийн мөнгөнөөс гадна бусад бүх мэдээллийг хорооны ажилчид бид өгөх үүрэгтэй. Мөн хорооны Засаг даргын шууд удирдлаган дор бус чиглэлийн ажилтнууд сууж, үйлчилгээ үзүүлдэг.
Жишээлбэл, Улсын бүртгэлийн ажилтан, халамжийн ажилтан ажилладаг. Иргэн И-Монголиа системээр мэдээллээ харж болохгүй байвал хороон дээр ажиллаж буй халамжийн ажилтнаар мэдээллээ шүүлгэж болно. Харин яагаад хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бэ гэдгийг хэлж өгөх боломжгүй. Тиймээс хүн ам, өрхийн мэдээллээ шинэчлүүлэх, өөрчлүүлж болно.
Дараагийн жишээ нь, Иргэний бүртгэгчээс миний эд хөрөнгө, миний хаяг дээр хэн бүртгэлтэй байна вэ гэдэг мэдээллээ шүүлгэж болно. Мөн шилжилт хөдөлгөөн, иргэний үнэмлэхийн сунгалтуудаа хийлгэж болно.
-Өдөрт хэчнээн хүн хороон дээр ирж үйлчилгээ авдаг юм бэ?
-БЗД-ийн 26 дугаар хороо нь Монгол Улсын хамгийн том хороо. Манай хороо 36 мянган иргэнтэй, 45 мянга гаруй оршин суугчтай, 10 орчим хаалгатай буюу сууц өмчлөгчтэй. Гэхдээ иргэд яг өөрт асуудал тулгарсан үедээ л үйлчилгээ авахыг илүүд үздэг. Түүнээс өмнө мэдээллээ нягтлах, шинэчлүүлэх гэж ирэх нь тун цөөн. Энэ бол иргэдийн буруу биш. Тиймээс хорооны зүгээс мэдээллээр хангах, мэдээллийг үнэ зөв өгөхөд анхаарах хэрэгтэй.
-Өрхийн бүртгэлээ шинэчлүүлсэн тохиолдолд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Өрхийн бүртгэл бол нэг л сан нь. Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор таван төрлийн сан ашиглаж байгаа талаар хэлсэн шүү дээ. Хороон дээрээ ирээд өрхийн бүртгэлээ шинэчлүүлбэл асуудал эхнээсээ шийдэгдэнэ. Мөн гэр бүлийн тэдэн гишүүнтэйгээ хамт амьдарч байгаа гэдэг мэдээллээ шинэчлүүлнэ гэсэн үг. Ингэснээр их хөрөнгөтэй болохгүй.
Харин эд хөрөнгийн зөрүүтэй асуудлыг хороо шийдэх боломжгүй. Тиймээс харъяа байгууллагууд дээр очиж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Хоёр машин бүртгэлтэй байгаа ч нэг машин унадаг гээд байгаа. Энэ нь өөрийнх нь нэр дээр хоёр автомашин байгаа нь үнэн гэсэн үг шүү дээ.
Мөн өөрийнхөө байрыг хүнд түрээслээд өөр газар оршин сууж байгаа бол танд хоёр үл хөдлөх хөрөнгө харагдана. Гэхдээ таныг хоёр үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа гэсэн үг огт биш. Хэрэв ийм асуудал тулгарч байвал улсын бүртгэл дээр очих шаардлагатай.
Тиймээс таны өрхийн орлого өндөр байгаа нь тантай хамт нэг хаяг дээр оршин сууж байгаа хүмүүстэй холбоо хамааралтай гэсэн үг. Үүнийгээ зөрүүтэй байна гэвэл татварын албанд очиж шүүлгэхэд өөрийнх нь орлого л харагдаж байгаа. Тиймээс өөрийн орлого уу өрхийн орлого уу гэдгээ сайн ойлгох хэрэгтэй.
-Мэдээллээ шинэчлүүлсэн тохиолдолд хэр хугацаанд хянагдаад, засагдсан мэдээлэл системд бүртгэгдэх вэ?
-Энэ нь таны очсон өдрөөс эхлэн санд шивэгдэж дуусах хүртэл тав хоногийн хугацаанд санд орно. Тав хоног тутам мэдээлэл шинэчлэгдэнэ. Энэ нь 14 хоногийн хугацаанд шийдэгдэх ёстой гэсэн чиглэлтэй байгаа учраас эрт ирж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй. Гэхдээ шууд маргааш нь шинэчлэгдэнэ гэсэн үг биш юм. Хамгийн ихдээ тав хоног шаардагдана гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.