Өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд талцал хуваагдалтай явж ирсэн Ардчилсан нам энэ сарын 19-нд намын даргаа сонгож, Их хурлаар батламжилахаар тогтсон. Тэгвэл намын эвлэрлийн асуудалд идэвхийлэн оролцож буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны сошиал хаягаараа "Хөөе, Эрдэнээ, Баттулга аа. Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чадна. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй" хэмээх байр суурийг илэрхийлэв.
Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй билээ.