УЕПГ болон НПГ-аас мэдээлэл хийж байна. Тодруулбал, Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулж байгаа юм. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр УЕПГ-аас мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид "Хүний толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяатай холбоотой хэргийн талаар тодруулахад", УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр дараах хариултыг өгөв. Тэрбээр,
“Хүний толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэмээн үзсэн" гэсэн юм.
Харин УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокрор Б.Долгион эл хэргийн талаар, "Энэ хэрэгт СБД-ийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, мөн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байгаа. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Үүнийг прокуророос эс зөвшөөрч, эсэргүүцэл бичээд хэрэг маань нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд байгаа. Хянан хэлэлцэгдээгүй, шийдвэр гараагүй байна" гэлээ.