Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо "Эрэл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцлээ. Эл компани Хөгжлийн банкнаас "Байшин үйлдвэрлэх комбинат төсөл" хэрэгжүүлэхээр гурван удаагийн зээл авсан. Тодруулбал, 14 сая ам.доллар, 13.1 сая евро, 9 сая ам.долларын гэх гурван удаагийн зээл авчээ. Зээл олгох үед "Эрэл" ХХК-ийн хувьцааг Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байсан. Зээлийн үндсэн төлбөрөөс мөнгө төлөгдөөгүй аж.
Шинжээч зээл тус бүрийн зарцуулалттай холбоотойгоор дараах мэдээллийг өгч байна. Тодруулбал, нэгдүгээрт, 14 сая ам.долларын зээлээс 4.3 сая ам.долларыг кассаар зарлагадсан бөгөөд эдгээр дунд хамгийн анхаарал татаж буй нь Эрдэнэбатын Жаргалангийн дөрвөн хадгаламжийн дансаар 1.8 сая ам.долларыг бэлнээр зарлагадаж авчээ.
Хоёрдугаарт, 9 сая ам.долларын зээлээс 1.4 сая ам.долларыг Б.Эрдэнэбатын гарын үсэгтэйгээр 13 удаагийн гүйлгээгээр зарлагадсан нь дансны хуулгаар нотлогджээ. Мөн 1.3 сая ам.долларыг иргэн Д.Сэргэлэнгийн барилгад, 1.6 сая ам.долларыг Б.Эрдэнэбатын хувийн дансаар гарч бусад хэрэглээнд зарцуулагдсан гэлээ.