Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, таван дэд сайдыг томилсны нэг нь УУХҮЯ-ны дэд сайдад О.Цэндсүрэн юм. Түүний хувьд "Нанаметалл" ХХК гэх компанитай бөгөөд тус компани нь ашигт малтмалын хайгуул болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2006 оны 10 дугаар сарын 27-нд бүртгүүлжээ. Тэрбээр одоо ч эл компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нь хуульд заасны дагуу АТГ-д хувийн ашиг сонирхлын зөрчлөө хүргүүлсэний үндсэн дээр тус газраас ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл шинээр томилогдсон УУХҮЯ-ны шинэ дэд сайд нь хариуцсан салбарынх нь чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай байх нь өөрөө эрх ашгийн зөрчлийг бий болгож байгаа юм.
Түүнчлэн 2010 оноос "Нанаметалл" компанийн хувьцаа эзэмшигч, гишүүнээр Цэндсүрэнгийн Тэмүүлэнг шинээр бүртгүүлж байсан байх ба тэрбээр 2012 оноос эхлэн эл компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Ингэхдээ Ц.Тэмүүлэнг 2020 оны 10 дугаар 16-нд компанийн эцсийн өмчлөгч хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэжээ.