Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нийслэл хотод агаарын бохирдол их болсон. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүхий нүүрс ашиглаж байгаа гэдэг мэдээлэл ч тархаж эхэлсэн. Тэгвэл Улаанбаатар хотын цаг агаарын нөхцөл байдал ямар байгаа болон үүнээс шалтгаалан агаарын бохирдол хэрхэн үүсч байгаа талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын дарга С.Энхтүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Жил бүр агаарын бохирдол нэмэгдэх үе харилцан адилгүй байдаг. Энэ жил 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн агаарын бохирдол эрс нэмэгдсэн. Мөн өнгөрөгч сарын 25, 26-наас эхлээд манай орны нутгийг хамран хойд туйлын хүйтэн агаар орж ирсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл тогтвортой байна. Ямар ч салхи байхгүй битүү орчинтой байгаа.
Ийм орчинд айлуудын яндангаас болон уурын зуухнаас гарч буй утаа нь тухайн хэсэгтээ бөөгнөрч байдаг. Энэ нь тунарал үүсгэдэг. Ялангуяа өглөөний цагаар тунарал үүсэх нь утааны оргил үе байдаг.
Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаахан болох төлөвтэй байгаа. Зарим говийн аймгаар нэмэх градус хүрнэ. Энэ үед агаарын бохирдол багасна.
Мөн Богд уулын салхин дээд талд III болон IV цахилгаан станц байрлаж байгаа. Тэгвэл түүнээс гарч байгаа их хэмжээний утаа болон хөргөлтийн уснаас гарч байгаа уур холилдон, Богд уулыг давж чадахгүй учраас хөндийгөө дагаад утаан хөшиг үүсгэж байгаа. Өчигдөр мөн энэ үзэгдэл гарсан. Үүнийг иргэдэд сайтар ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль цаг уурын нөлөөнөөс үүдэж байна" гэлээ.