Шадар сайд С.Амарсайхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд түлштэй холбоотой дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр "Зарим аймаг, сумдад улсын нөөцөөс шатахууны дэмжлэгүүдийг үзүүлж байгаа бөгөөд цаашдаа ч уг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ. Түүнчлэн дизель түлшний хангалт шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна. Тухайлбал, Багануурын нүүрсний уурхайн дизель тасалдсан асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Нөөц бүрдүүлэх үүднээс гурван вагон түлшийг татаж аваад байна.
Тиймээс дизель түлшний нөөц бүрдүүлэх, хангалт нийлүүлэлтийн асуудалд Онцгой байдлын ерөнхий газар аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтарч ажиллаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа. Том оврын автомашин дутагдалтай байгаа тул автозамын орц, гарцыг нээхэд хүндрэлтэй байна. Иймд Улсын онцгой комиссоос зэвсэгт хүчний холбогдох ангиудаас том оврын автомашинуудыг түр авч ажиллуулахаар Батлан хамгаалах яамтай ярилцаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна" гэсэн юм.