Жил бүрийн аравдугаар сараас тавдугаар сар хүртэл ханиад, томуугийн улирал үргэлжилдэг. Тиймдээ ч энэ үед бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу зонхилж, өвчлөлийн тоо буурдаггүй. Одоогоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл амарсан ч ханиад, томуугийн халдвар буурахгүйн дээр эмнэлгүүдийн ачаалал их байгаа юм. Иймд бид ЭХЭМҮТ-ийн ачаалал болон орны хүрэлцээ хэр байгаа талаар сурвалжиллаа.
-Улаанбаатар хот, ЭХЭМҮТ
Энд тэндгүй хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд яаран гүйлдэнэ. Хүүхдүүд нь цор цор ханиалгахын зэрэгцээ халуурч байгаа нь илт. Бүр нялх балчирууд нь тачигнатал чарлан уйлж, яахаа мэдэхгүй ээж аавууд дэмий л хүүхдээ бүүвэйлэн хүмүүст төвөг удахгүйг хичээнэ.
ЭХЭМҮТ нь амбулатори болон яаралтай тусламжийн тасгаар дамжуулан ханиад, томуутай хүүхдүүдээ хүлээн авч байгаа аж. Өдөрт 200-300 гаруй хүүхдийг хүлээн авч, эмчилгээ үзүүлж байгаа нь ачаалал их байгааг илтгэж байлаа.
Өдөрт ирэх хүүхдүүдийн тоо их байгаагаас шалтгаалан эмч нар ч цаг наргүй ажиллаж байв. Бид ЭХЭМҮТ-ийн ЯТТ-ын эрхлэгч Б.Ариунхишигээс ачаалал хэр их байгаа талаар мөн эцэг эхчүүдэд хандаж хэлэх зөвлөмжийн талаар ярилцахад тэрбээр,
Насанд хүрэгчид хүүхдүүдээс илүү дархлаа сайтай учир өвдөхгүй. Харин вирус тээгч болоод явж байдаг
"ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 24 цагийн байдлаар ойролцоогоор 350-380 хүүхдэд үйлчилсэн байна. Эдгээр ирж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь амьсгалын замын эмгэгийн улмаас ирж үйлчлүүлж байгаа хүүхдүүд байна.
Томуу болон томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуугийн А болон В хүрээний вирус илэрсэн байна. Түүнээс гадна найм, есөн төрлийн вирус илэрсэн байгаа.
Баярын өдрүүдэд ачаалал нэгэн хэвийн байлаа. Гэхдээ баярын өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ айл хэсдэг, гадуур явдаг. Үүнээс шалтгаалан хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдөх хандлага нэмэгддэг. Тиймээс одоогийн байдлаар ачаалал нэмэгдэх төлөвтэй харагдаж байна.
Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, ЕБС-ийн сургууль амарсан байгаа учраас хүүхдүүдээ дагуулан айл хэсэхгүй байх хэрэгтэй. Мөн халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай. Түүнчлэн хэдий сурагчид амарсан ч эцэг, эхчүүд, томчууд маань өөрсдөө гадуур их явж байгаа.
Насанд хүрэгчдийн хувьд хүүхдүүдээс илүү дархлаа сайтай учир өвдөхгүй. Харин тээгч болоод явж байдаг. Үүнээс болж гэртээ байгаа хүүхдүүддээ ханиад халдааж байна. Үүнд анхаарах хэрэгтэй.
Тиймээс хүүхдүүддээ ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шингэн зүйл хангалттай уулгах, шим тэжээлтэй хоолоор ойр, ойрхон сайтар хооллох хэрэгтэй. Манайхан шингэн юм гэхээр ундаа, жүүс гэж ойлгоод байдаг. Гэтэл үүнд, ус, хярам, цай зэрэг орно. Мөн сайтар унтуулж, амраах хэрэгтэй.
Нэгэнт хүүхэд ханиалгаж эхэлсэн, өвдсөн бол халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Эм уулгаад цэцэрлэгт нь явуулах бус өрхийн эмнэлэгтээ хандаж, бүрэн гүйцэд эдгэснийх нь дараа цэцэрлэгт нь явуулах хэрэгтэй. Ингэснээр бусад хүүхдэд ч эрсдэлгүй шүү дээ" гэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн хүлээн авах яаралтай тасаг 24 цагийн турш ажилладаг учир орой ажил тарсан цагаас хойш эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан ихээр ирдэг байна. Энэ нь эцэг эхчүүд ажлаа тараад эмнэлгийг зорих, мөн зарим нь оочер, дараалал үеэр үйлчлүүлэхээр ирж буйтай холбоотой аж.
Биднийг очиход тухайн өдрийн цаг аль хэдийн дууссан байв. Ямартай ч эмнэлгийн бараа харсан тул заавал үзүүлнэ хэмээх эцэг, эхчүүд ч цөөнгүй байлаа. Эмч нарын зүгээс ирсэн хүүхэд бүрт хүрч ажиллахын тулд амсхийх завгүй ажиллах авч, ачаалал их байна гэж гомдоллохгүй нь бахархууштай.
-ЭХЭМҮТ, Амбулатори
Сурвалжилга хийж байх явцад бяцхан хүүхдээ тэвэрсэн ээж бидэнтэй таарав. Хамт хэсэг алхаад амбулатори руу ороход маск зүүсэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталсан хүмүүс их харагдана. Нэг үеэ бодвол оочер, дарааллын төлөө "алалцдаг" үе ард үлдэж. Бүгд номероо аван, дуудахыг нь хүлээн сууцгаана.
Бид иргэдээс байр суурь авахыг хүссэн ч зарим хүмүүс татгалзаж байв. Харин нэгэн ээж элгэмсэг дотноор хүлээн авч бидэнд товчхон мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,
Улсын эмнэлгүүд хүн ихтэй, хувийн эмнэлгүүд нь төлбөр өндөртэй байна
"Хүүхэд маань өчигдрөөс эхлэн ханиалгаж бас халуурч эхэлсэн. Эртхэн эмнэлгийн тусламж авъя гэж бодоод ирлээ. Хувийн эмнэлгүүдийн хувьд үнэ нь дийлдэхгүй, асуудал ихтэй. Улсын эмнэлэг оочер дараалал ихтэй. Яг яах учраа мэдэхгүй хэцүүхэн л байна. Манай эрүүл мэндийн салбар ийм л нөхцөл байдалтай байна шүү дээ" гэлээ.
Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж томуугийн өвчлөл хийгээд, эмчилгээнд хичнээн ор ашиглаж байгаа талаар мэдээлэл өгөхөд,
Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
“Нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэсэн мэдээллийг өгч байв.
Иргэд ЕБС-ийн сурагчдын хичээл амарсан учраас томуугийн халдвар бага байгаа гэж бодож байж магадгүй юм. Гэхдээ үнэн хэрэгтээ нөхцөл байдал хүнд хэвээрээ л байна. Түүнээс гадна хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь дан ганц тэдний буруу биш. Харин хариуцлагагүй томчуудтай ихээхэн хамааралтай аж. Тийм ч учраас хариуцлагатай ээж та бас аав та хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч вирус тээгч болохгүй байхыг сурвалжилгынхаа төгсгөлд уриалахын зэрэгцээ халдвар хамгааллынхаа дэглэмийг мөрдөж хэвшихийг ч сануулж байна.