Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Золжаргал: 5 жил үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хуримтлагдсан татвар хасагдахгүй. Харин бүртгэлээс хасагдсан тохиолдолд татвар бодогдохгүй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
4 минут 36 секунд

Сүүлийн таван жилийн хугацаанд үзлэгт ороогүй 162 мянган автомашиныг бүртгэлээс хасах талаар мэдээлэл гарсан. Тиймээс энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Золжаргалаас тодрууллаа.

-АТҮТ-өөс 162 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах талаар мэдээлсэн. Тэгвэл дээрх автомашинууд нь улсын хэмжээнд үү эсвэл нийслэлийн хэмжээнд яригдаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-162 мянган автомашин нь улсын хэмжээнд гарсан тоо. Авто тээврийн хэрэгслийн бүртгэл олгох журамд "Сүүлийн 5-аас дээш жил үзлэгт ороогүй бол бүртгэлийн байгууллага хасна" гэж заасан байдаг. Үүний дагуу бид судалгаа гаргахад дээрх 162 мянган автомашины тоо гарсан.

-Цаашид бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх үү?

-Журмын хэрэгжилтийг хангуулж байгаа учраас дараа, дараагийн жилүүдэд ч мөн адил сүүлийн таван жил үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүдээ хасна гэж ойлгож болно.

Жилд дунджаар 20 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасдаг. Энэ нь иргэд өөрсдийн хүсэлтээр ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулдаг. Харин энэ удаагийн хасч байгаа тээврийн хэрэгслүүд маань үзлэг оношлогоонд 5-аас дээш жил ороогүй гэдгээр нь ангилаад хасч байгаа.

-Иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийн хяналтдаа орвол хасуулахгүй байх боломжтой эсэх талаар их асуусан байна лээ. Энэ тал дээр мэдээлэл өгвөл?

-Хэрэв автомашин эзэмшигч өөрийнхөө тээврийн хэрэгслийг хасуулахгүй гэж үзвэл техник хяналтын үзлэгтээ зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Ингэснээр программ дээр тухайн автомашин үзлэгт орсон гэх мэдээлэл гарч ирнэ. Энэ тохиолдолд хасагдахгүй байж болно.

-Дээрх жагсаалтад орсон 162 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг хэрхэн шалгах вэ. Магадгүй автомашины эзэмшигч өөрийнхөө машиныг хасагдах эсэхийг мэдэхийг хүсвэл ямар арга хэмжжээ авах боломжтой юм бол?

-WWW.TRANSDEP.MN сайтаас мэдээлэл авах боломжтой. Өөрийнхөө тээврийн хэрэгслийг хасагдах тээврийн хэрэгсэлд орсон эсэхийг шалгахыг хүсвэл регистрийн дугаараа хийгээд шалгах бүрэн боломжтой.

Мөн 5-аас дээш жил тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй автомашинуудыг хасч байгаа нь Татварын байгууллагатай уялдаж байгаа. Тодруулбал, тухайн тээврийн хэрэгслийн татвар хуримтлагдсан байдаг. Энэ татвар нь хасагдахгүй.

Харин тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдсан тохиолдолд татвар бодогдохгүй гэсэн үг юм.

-Автомашин эзэмшигчид жил бүр тээврийн хэрэгслээ үзлэг, оношлогоонд хамруулах үүрэгтэй байдаг шүү дээ. Үүнд мэдээж хариуцлагын асуудал яригдах байх?

-Зарим байрнуудын урд эсвэл айлын хашаанд сүүлийн хэдэн жил огт хөдлөөгүй тээврийн хэрэгслүүд байдаг шүү дээ. Эдгээр автомашинууд нь замын хөдөлгөөнд оролцоогүй ч бүртгэлтэй байдаг. Тиймээс эдгээр ашиглагдах боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдээ хасаж байгаа.

-Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд огт хамаарахгүй гэсэн үг үү?

-Хөдөлгөөнд оролцож байгаа, техникийн хяналтын үзлэгтээ орж байгаа тээврийн хэрэгслүүдэд огт хамаарахгүй.

Түүнээс гадна иргэдийн маш ихээр асууж байгаа асуулт бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гадаад руу явсан эсвэл цуглуулганы машиныг маань хасах гэж байна гэдэг асуудлууд гарч байгаа. Энэ тохиолдолд оношлогоондоо орохгүй бол тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна.

Гэхдээ тухайн эзэмшигч маань тээврийн хэрэгслээ буцааж сэргээх боломжтой. Техникийн хяналтын үзлэгт орсон, татвараа төлсөн, торгуулиа төлсөн тохиолдолд АТҮТ-д хүсэлт гаргавал тээврийн хэрэгслийг эргээн сэргээх боломжтой. Энэ тохиолдолд тухайн иргэн хөдөлгөөнд оролцох, автомашинаа ашиглаж болох юм.

-162 мянган автомашины хэд нь нийслэлд, хэд нь орон нутагт хамааралтай юм бол?

-Ойролцоогоор 72 мянган тээврийн хэрэгсэл нь нийслэлд үлдсэн 90 мянга орчим нь орон нутагт байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Алтанзул: Нийслэлд 20 ААН-ын 170 нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглосон байсан боловч буцаагаад түүхий нүүрс түлж эхэлсэн
Б.Алтанзул: Нийслэлд 20 ААН-ын 170 нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглосон байсан боловч буцаагаад түүхий нүүрс түлж эхэлсэн
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.