Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь өнгөрөгч тавдугаар сард яамдын 2021 оны үйл ажиллагааг дүгнэхэд Батлан хамгаалах яам ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдыг тэргүүлж ажиллажээ. Тодруулбал, ЗГХЭГ-аас яамдыг жил бүр “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ”, “Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ”, “Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ” гэсэн гурван чиглэлийн хүрээнд 10 үзүүлэлтээр үйл ажиллагааг дүгнэдэг байна.
Эдгээр шалгуур үзүүлэлтээр Батлан хамгаалах яам 2021 оны “Шилдэг яам”-аар шалгарчээ. Мөн Авлигатай тэмцэх газраас явуулдаг Шударга байдлын 2022 оны үнэлгээгээр ч тэргүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газартай хамтран Зэвсэгт хүчний Жанжин штаб, харьяа 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбаруудын 6 мянга гаруй алба хаагчдыг оролцуулсан цуврал сургалтуудыг Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ.
Батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг чадавхжуулах зорилгоор Батлан хамгаалах яамнаас тогтмол сургалтуудыг зохион байгуулж ирсэний үр дүнд өнгөрсөн жил Шударга байдлын үнэлгээгээр 14 дүгээр байрт байсан үзүүлэлтийг урагшлуулж, энэ онд тэргүүлжээ.